НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, доктор Б.Сувд амны хаалтыг зөв зүүх дадлыг талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Амны хаалтгүй эсвэл нэг давхар, даавуун болон мэс заслын амны хаалттайгаар 1-10 хүртэл тоолоход шүлс хэр үсэрч байгааг туршиж, зургаар харуулжээ.
Тэрбээр “Амьсгалын замын халдварт өвчний үед амны хаалтыг зайлшгүй зүүх шаардлагатайг дээрх зургаас харж болно. Тиймээс коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд амны хаалт зүүх хэрэгтэйг санах нь чухал.
Иргэд гадаад орчинд амны хаалтаа зүүсэн харагддаг ч дотоод орчинд амны хаалтаа зөв зүүж чадахгүй байх тохиолдлууд ажиглагдаж байна.
- Халдвартай болон халдвар аваагүй хүн хоёулаа амны хаалт зүүгээгүй үедээ ярих, дуулах зэргээр хоорондоо харилцах үед халдвар дамжуулах эрсдэл нь 90 хувь,
- Халдвартай хүн амны хаалтгүй, халдвар аваагүй хүн амны хаалттай үед 30 хувь,
- Халдвартай хүн амны хаалттай, халдвар аваагүй хүн амны хаалтгүй үед 5 хувь,
- Аль, аль нь амны хаалт зүүсэн үед 1.5 хувь,
- Аль, аль нь амны хаалт зүүж, хоёр метрийн зай барьсан тохиолдолд 0 хувь гэж туршилтаар батлагджээ.
Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас амны хаалтыг дотоод орчинд заавал зүүхийг зөвлөж байгаа. Харин гадаа заавал амны хаалт зүүх шаардлагагүй гэж үзэж байгаа ч манай улсын хувьд агаарын бохирдол ихтэй цаг үед ядаж агаарын бохирдлоос сэргийлсэн амны хаалтыг зүүх нь зүйтэй.
Амны хаалтыг зөв зүүсэн эсэхийг шалгадаг хоёр арга бий.
Үүнд:
- Таны амны хаалт нүүрэндээ сайн таарч байгаа эсэхийг шалгана. Учир нь амьсгалаар гарч буй дусал бүхий агаар амны хаалтын ирмэгээр нэвчиж, гадагшлуулдаг.
- Өөрийн шүлсний дуслыг гадагшлуулахгүй, бусдын дуслыг нэвтрүүлэхгүйн тулд давхарга бүхий амны хаалтыг сонгоорой.
Мөн хамар дарагчтай амны хаалт сонгохыг зөвлөж байна. Учир нь хамар дарагч нь амны хаалтын дээд хэсгээс агаар гарахаас сэргийлдэг.
Иргэдийн зарим нь амны хаалтыг давхарлаж зүүх нь ажиглагдаж байна. Ингэхдээ даавуун амны хаалтыг дотор нь зүүгээд гадуур нь нэг удаагийн амны хаалтыг зүүж байгаа нь буруу. Хэрэв амны хаалтыг давхарлаж зүүх тохиолдолд даавуун амны хаалтыг нэг удаагийн амны хаалтын гадуур нь зүүх нь тохиромжтой.
Түүнээс гадна амны хаалтыг сахалтай болон харшилтай хүмүүс зүүхдээ хоёр талын утсыг тус тусад нь зангидаж өгнө. Ингэхэд хоёр талд нь томоохон зай гарах бөгөөд үүнийг дотогш нугалж өгвөл нүүрний арьсанд тэр бүр наалдахааргүй болно. Ялангуяа хүүхдэд амны хаалт зүүхэд энэ аргыг хэрэглэвэл битүүмжлэл сайн хангасан болж өгнө.
Амны хаалтыг зөв зүүх нь хамгийн чухал гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Зарим үед хүмүүс зүүсэн амны хаалтаа нугалаад халаасандаа хийх, цантсан амны хаалттай нүүрэндээ хүрэх, арчаад эргүүлээд зүүх зэрэг буруу үйлдлүүд ажиглагдаж байна.
Амны хаалтаа зөв зүүх дараалал:
Манай байгууллагаас ДЭМБ-ын санхүүжилтээр хийсэн судалгаагаар цар тахал эхэлснээс хойш нэг амны хаалтыг удаан хугацаагаар зүүдэг байсан дадал өөрчлөгджээ.
Тодруулбал, 2020 онд хүмүүс өдөржин буюу дунджаар 29 цаг нэг амны хаалт зүүж байсан бол 2021 онд амны хаалтыг 4.2 цаг зүүдэг болсон байна.
Гэхдээ одоо амны хаалтын үнэ харьцангуй хямд болсон. Дунджаар 300 төгрөгийн амны хаалт зүүж байна гэж бодоход сард амны хаалтад 18,000 төгрөгийг амны хаалтад зориулахаар байна. Тиймээс хоёр цаг зүүх ёстой амны хаалтыг хоёр цагт л багтааж зүүх нь зөв. Хэрэв амны хаалт цантсан бол дотогшоо шүлс нэвтрүүлж, гадагшаа ч шүлсийг нэвтрүүлнэ гэсэн үг тул цантсан бол хэдэн цаг ч болсон хамаагүй шууд хаях ёстой” хэмээн ярилаа.
ВИДЕО: