ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Бээжинд ирлээ. Тэрбээр Бээжинд нэг өдрийн айлчлал хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийж, Өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд оролцох юм.
Коронавируст тахлын улмаас Хятадын талаас тавьсан хязгаарлалтыг үл харгалзан ОХУ, БНХАУ-ын удирдагчдын яриа хэлэлцээ бүрэн хэмжээнд өрнөнө гэж Кремль тэмдэглэжээ. В.Путиныг Бээжинд маш цөөхөн төлөөлөгч дагалдан явж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр ердийн үед дагалдах төлөөлөгчдийн тоо одоогийн айлчлалаас хоёр дахин их байдаг аж.
Хоёр улсын удирдагчид хэлэлцээ хийж, хамтарсан үдийн зоог барьсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Ерөнхийлөгч нар олимпийн нээлтийн ёслолд оролцохоор төлөвлөж байна.
Орос-Хятадын дээд хэмжээний уулзалтын дараа Төрийн тэргүүнүүдийн хамтарсан мэдэгдлийг баталж, Засгийн газар хоорондын болон корпорацийн 15 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Коронавирусын хязгаарлалтын улмаас В.Путин Бээжинд хүрэлцэн ирсэн Олимпийн нээлтэд оролцох бусад улс орны тэргүүн, олон улсын байгууллагын удирдагчидтай уулзахаар төлөвлөгөөгүй байгаа юм байна.