Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар тэргүүтэй эрдэмтдийн баг хүртлээ.
Уг шагналд өрсөлдөхөөр дөрвөн бүтээлийг ирүүлжээ. Ийнхүү тус шагналын эзнээр анх удаа эрдэмтэн судлаачдын баг тодров.
Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар “Манай багийн туурвисан 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн судалгааны бүтээлд шагнал олгосонд чин сэтгэлээсээ баярлаж байна. Үндсэн хууль бол аливаа төрийн улс төрийн болон хууль зүйн гол баримт бичиг байдаг. Уг хуулийг тунхаглан батлах нь нэг асуудал. Заалт бүрийг тус бүрээр хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Энэ үүргийг хэрэгжүүлэхэд манай баг чадан ядан оролцсоныг үнэллээ гэж бодож байна.
Үе үеийн хуульчид Б.Чимэд багшийг гүнээ хүндэтгэдэг. Монгол Улсын төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж буй мянган мянган хуульчид Б.Чимэд багшийн шавь нар.
Багшийнхаа нэр хүндтэй шагналыг өнөөдөр гардан авсан нь манай багийнхны хувьд үргэлж санаж явах үйл явдал боллоо. Багшийнхаа нэр хүндийг үргэлж өргөж явах, Үндсэн хуульд хувь нэмрээ оруулах үүрэг нэмэгдлээ гэж үзэж байна. Үндсэн хууль тохиосны тэгш ой тохиож буй энэ жил багшийн нэрэмжит шагналыг манай багт олгож буйд бүх хүмүүст дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Шагналын эзэнд УИХ-ын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, Монгол Улсын Их Хурлаас төр, нийгмийн зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн дүрс бүхий медаль, 5,000,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог байна.