Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, өндөрлөж байна.
Ээлжит бус чуулганаараа бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх санаачилж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.
Эдгээр хуулиудыг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 465.000 ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэр гарч байна.
Халдварт цар тахлын дэгдэлт улсын эдийн засаг, иргэдийн маань амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж, төр засгаасаа эхлээд түмэн олноо хүртэл хэмнэлтийн горимд шилжиж, бидний хүсэл зоригоос үл хамаарсан хязгаарлалтын дэглэмд ажиллаж, амьдарч байгаа ч 2022 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар энэ шийдвэрийг гаргалаа.
Энэ арга хэмжээнд нийтдээ 637.0 тэрбум төгрөг зарцуулагдана. Энэ хөрөнгөөр тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 15 хувиар нэмэгдүүлнэ. Төсвийн байнгын хороо богино хугацаанд үр дүнтэй хуралдаж, 310 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн урсгал зардлыг 15.4 хувиар танах замаар буюу төрийн байгууллагуудыг 2022 онд урсгал зардлаа танаж, бүсээ чангалах байдлаар ажиллахыг чиглэл болгосон хэлбэрээр энэ эх үүсвэрийг гаргалаа.
Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.0 мянган төгрөгт, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.0 мянган төгрөгт хүргэж байна. Энэ хууль хоёрдугаар сарын 1-ний өдрөөс буюу маргаашаас хүчин төгөлдөр болж үйлчилнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хоёрдугаар сарын 1-ний өдрөөс тэтгэвэр, тэтгэмжийг олгож эхлэхээс өмнө хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу Улсын Их Хурлын гишүүд, Төсвийн байнгын хороо шахуу хугацаанд ажил хэрэгчээр амралтын өдрүүдэд хуралдаж, хуулийг эцэслэн баталлаа.
Ийнхүү монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын өмнө азай буурал ахмадуудынхаа тэтгэврийг нэмж, цар тахлын нөлөөллөөс үүдсэн үнийн өсөлт, таагүй байдлаас амьжиргааг нь хамгаалах шийдэл гаргаж чадсандаа Улсын Их Хурлын гишүүд баяртай байна.
Энэхүү шийдвэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар нэг зүгт харсан нэгдмэл бодлоготой, нийтлэг эрмэлзлийн үр дүнд биеллээ олж байгааг онцлон тэмдэглэж хэлье.
Түүнчлэн энэхүү чухал шийдвэрийг тал бүрээс нь, богино хугацаанд, амралтын өдрүүдээ хойшлуулан, нухацтай хянан хэлэлцэж, ажил хэрэгч байдлаар асуудалд хандсан Улсын Их Хурлын эрхэм гишүүддээ талархал илэрхийлье.
Эрхэм гишүүд ээ,
Монголын төр ямар ч цаг үед азай буурал, ахмадуудынхаа ачийг мартаж болохгүй. Өтгөс буурлуудаа асран тэтгэж, үйл хэргийг нь хүндэтгэн дээдэлдэг нь Монголын дэлгэр ёс, нандин уламжлал билээ. Тэдэнтэйгээ ямагт хамт, хамгийн ойр байж, дэмжин тусалж, сургаал зөвлөмжийг нь сонсон хэрэгжүүлж байх нь бидний журамт үүрэг юм.
Учир нь ахмадууд гэдэг уншиж дуусамгүй ном судар, ухаан эрдэм, туршлага мэдлэгийн яндашгүй далай юм. Тэд эх орныхоо хөгжил цэцэглэлт, Монголын өрх айл, иргэн бүрийн аз жаргалтай амьдралын төлөө халуун залуу нас, эрдэм мэдлэг, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулж, өнөөгийн Монгол Улсыг цогцлоосон ачтанууд юм.
Ахмад буурлуудынхаа эрхийг хамгаалж, идэвхтэй, эрүүл, урт наслах боломжийг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, тэдэнд үзүүлэх нийгэм, эрүүл мэндийн арга хэмжээнд цогцолбороор хандахад Монголын төр, засаг цаашид ч онцгой анхаарах болно.
Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс үнийн өсөлтийг хязгаарлах, нэн ялангуяа өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байхад бодлогын шийдвэр гаргаж ажиллах талаар санал гаргасныг Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам онцгой анхаарах шаардлагатай байна. Мөн тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтийг дагаад үнэ өсгөхгүй байх чиглэлийг хатуу баримталж ажиллахыг хувийн хэвшлийнхэн, үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид Та бүхэндээ уриалж байна.
Үхэр жилийн босгон дээр бид ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг Салхитын мөнгөний ордын эх үүсвэрээр тэглэж байсан арга хэмжээг бар жилийн босгон дээр тэтгэврийг нь нэмэгдүүлсэн шийдвэрээр үргэлжлүүлж байгаадаа баяртай байна.
Ахмадууд Та бүхэн минь урт насалж, удаан жаргаж, бие тэнхлүүн, ухаан цэлмэг байж, амьдрал үйлс, буян заяа тань өөдлөн дэлгэрч байх болтугай.
Монголынхоо нийт ард түмэнд Сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөе. “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилээс эхлэх Монгол орны Шинэ сэргэн мандалтын үйл хэргийн төлөө хамтдаа зүтгэцгээе.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үйл ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.
2022.01.31