Украины асуудлаарх санал зөрөлдөөн АНУ, ОХУ-ын хооронд үргэлжилж байгаа сүүлийн нэг жилийн хугацаанд хөнгөн цагаан үйлдвэрлэгчид цахилгааны үнийн өсөлтөөс болж дарамт амсаж байна хэмээн The Wall Street Journal бичжээ.
Орос бол дэлхийн хамгийн том хөнгөн цагаан үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд Украин ОХУ-ын дунд өрнөж буй зөрчилдөөн даамжирвал Оросын экспортод асуудал гарна гэж худалдаачид эмээж байна.
Дэлхийн металл үйлдвэрлэгчид аль хэдийнэ эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдсэн дарамт шахалтыг амсаж эхэлсэн бөгөөд Хятад, Европ дахь үйлдвэрлэгчид зардлаа бууруулж, ашигтай ажиллаж чадаагүй хэд хэдэн үйлдвэрүүдээ хаахад хүрчээ.
Цаг агаар хүйтэрч, Оросоос нийлүүлэх хийн нийлүүлэлт багассантай холбоотойгоор Европ дахь байгалийн хийн үнэ өмнөх оны мөн үеэс бараг тав дахин өсчээ. Үүнтэй зэрэгцэн хөнгөн цагааны үнэ нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээнд асуудал үүсч, дарамтад орсон автомашин үйлдвэрлэгчид болон бусад салбарын худалдан авагчдын зардал өсөж эхэллээ.
Хөнгөн цагааны үнэ сүүлийн зургаан сарын хугацаанд 24%-иар өсч, нэг тонн нь 3100 ам.долларт хүрсэн нь сүүлийн 10 жилийн дээд хэмжээнд хүрээд байгаа юм.
Америкийн хөнгөн цагаан компани Alcoa Испани дахь жилд 228.000 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай, хөнгөн цагааны үйлдвэрээ алдагдалтай ажиллаж байгаа учраас хаана гэдгээ өнгөрсөн онд зарласан. Эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэн тус байгууламж хоёр жил орчим ажиллахгүй байх магадлалтай болжээ. Испанид цахилгаан эрчим хүчний үнэ өнгөрсөн оны эцсээр түүхэн дээд хэмжээндээ хүртэл өсөөд байна.
Норвегийн хөнгөн цагаан үйлдвэрлэгч Norsk Hydro AS цахилгааны үнийн өсөлтөөс болж Словак дахь үйлдвэрийнхээ хүчин чадлыг 60% хүртэл бууруулна гэдгээ мэдэгдлээ.
Мөн Монтенегро, Румын, Франц зэрэг хөнгөн цагаан хайлуулах үйлдвэртэй бусад улсын компаниуд ч олборлолтоо бууруулах төлөвлөгөөгөө зарласан байна. Өмнө нь Хятадын үйлдвэрлэгчид ийм алхам хийж байсан юм.
Европт жилдээ 810.000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүд саяхан үйл ажиллагаагаа зогсоосон гэж Macquarie компанийн түүхий эдийн стратегич Линн Жао хэлсэн бол Хятадад мөн хэдэн сая тоннын хүчин чадалтай аж ахуйн нэгжүүдийнхээ ажлыг түр зогсоожээ.
Хэрэв эрчим хүчний үнэ өссөөр байвал Европын хэд хэдэн үйлдвэрлэгчид олборлолтоо багасгах эсвэл үйл ажиллагаагаа зогсоох шаардлагатай болно гэдгийг шинжээчид анхааруулж байна.