АТГ-ын Олон нийтийн зөвлөл: Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс энэ зээлийг төлөхгүй гэж анхнаасаа ярилцаж байсан баримтууд байгаа

АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус зөвлөлийнхний зүгээс Авилгатай тэмцэх газарт зөвлөмж хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
Энэ нь шинээр байгуулагдсан Олон нийтийн зөвлөлөөс гаргаж буй анхны зөвлөмж юм байна. Энэхүү зөвлөмжийн нэгдүгээрт авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлж, олон нийтэд ил тод ажиллах, олон нийтийн оролцоонд тулгаарлан илрүүлэх, хоёрдугаарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн чанд сахин ажиллахыг зөвлөв. Мөн тус зөвлөлийн гишүүн Х.Бат-Ялалт олон нийтийн дунд авилгатай тэмцэх ажилд үл итгэх байдлыг АТГ өөрөө бий болгож байна гэлээ. Зөвлөмжийн гуравдугаарт шүүгч прокурор, АТГ, цагдаагийн албан хаагчтай холбоотой авилга албан тушаалын гэмт хэргийн талаарх мэдээллийг ил тод нээлттэй байлгаж, санаачилгатай ажиллахыг зөвлөв. Гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй дээрх байгууллагынхан авлигын сүлжээнд нэгдсэн байгааг нотлох олон баримт байгааг өгүүллээ. Дөрөвдүгээрт, авлигын талаарх гомдол гаргасан иргэдийн хүслийг мохоодог байдлыг өөрчлөх гэсэн зөвлөмжийг хүргүүлжээ. Мөн тэдний зүгээс Хөгжлийн банкны эргэн төлөгдөхгүй байгаа зээлийн талаар мэдээлэл өглөө. АТГ-ын ОНЗ-ийн гишүүн Х.Бат-Ялалт “Хөгжлийн банк 3.2 их наядын зээл олгосноос өнөөдөр 55.3 хувь нь буюу 74 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл чанаргүй, найдваргүй зээлийн ангилалд шилжээд байна. 1.8 их наяд төгрөг бол улсын төсвийн бараг 20 хувь нь байна. Жирийн иргэдийг эрсдэлд оруулж, улсын хөгжил, ард иргэдийн ирээдүйгээр тоглож байгаа энэ авлигачдыг таслан зогсоож, хатуу цээрлүүлэх ёстой гэж үзэж байна” хэмээсэн юм.
Харин АТГ-ын ОНЗ-ийн гишүүн Б.Отгон “Хөгжлийн банкны зээл бол зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хийсэн гэмт хэрэг. Тухайн банкнаас зээл авсан хүмүүс бол УИХ, ЗГ-ын гишүүдийн хамаатан ах дүүс, улс төрийн хамтрагчид. Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүс энэ зээлийг төлөхгүй гэж анхнаасаа ярилцаж байсан баримтууд байгаа. Өнгөрсөн хугацаанд 74 төсөл хөтөлбөрт нийт 3.2 их наяд төгрөгийн зээл гаргаснаас Монгол банкны шалгалтаар 1.8 их наяд буюу 55.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд оржээ. Үүнээс 880 тэрбум төгрөг нэхэмжилж, 26 компанийг шүүхэд шилжүүлээд байна. Өмнө нь бид улс төрчдийг тойрогтоо 10 сая төгрөг хуваариллаа гэхэд нь цочирддог байсан. Өнөөдөр 4 тэрбумыг тойрогтоо хуваарилан авч байхад цочирдохоо больжээ. Улс төрчдийн луйврыг энэ хүргээд таслан зогсооё” гэсэн юм.