Нийслэлийн Байгаль орчны газраас 2021 онд хөхтөн амьтдын тархац, нөөцийн судалгааг нарийвчлан хийлгэх, өмнөх жилүүдэд амьтан хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлуудын үр дүнг тодорхойлох зорилгоор “Авралын эрэлд” ХХК-тай хамтран судалгааны ажлыг хийжээ.
Судалгаагаар нийслэлийн нутаг дэвсгэрт 58 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэн байна. Энэ нь Монгол орны хөхтөн амьтны зүйлийн бүрдлийн 40 гаруй хувь аж. Судалгааны үр дүнгээс харахад зэрлэг амьтдыг нүүдэллэх боломжийг бүрдүүлэх, экологийн гарц байгуулах, биотехникийн арга хэмжээ явуулах, ойн сан бүхий газруудад газар олголтыг хориглох, зуслангийн бүсийн хашаа хайсыг нэгдсэн стандарттай болгох, тархац нутаггүй болсон амьтдыг нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.