Оны эхний нэгдүгээр сарын II хагасаас хойш АНУ, Их Британийн агаарын хүчний хүнд даацын тээврийн нисэх онгоцууд Украин руу дор хаяж 15 удаагийн нислэгээр зэвсэг, цэргийн техник нийлүүлсэн нь барууны агаарын тээврийн нөөцөд хийсэн хяналт шалгалтаас харагдсан тухай ВВС мэдээлжээ.
Тухайлбал, Английн Бриз Нортон агаарын баазаас нисч буй Британийн Хатан хааны агаарын цэргийн хүчний C-17A Globemaster III хүнд даацын цэргийн тээврийн онгоц нэгдүгээр сарын 17-ноос хойш Украин руу наад зах нь есөн удаагийн зэвсэгтэй нислэг хийсэн байна. Энэ нислэгт Британи дахь найман C-17A Globemaster III онгоцны дөрөв нь оролцсон. Тэд Киевт NLAW танк эсэргүүцэх зөөврийн пуужин нийлүүлсэн гэж Лондон мэдээлсэн байна.
АНУ-ын тухайд агаарын цэргийн хүчний C-17A Globemaster III хүнд даацын цэргийн тээврийн нисэх онгоцоо Киев болон Львов руу илгээжээ. Мөн Үндэсний агаарын тээврийн Боинг-747 тээврийн онгоцоор хоёр нислэг хийжээ. Тээврийн командлал эдгээр онгоцыг (USTRANSCOM) зэвсэг, тухайлбал Javelin зөөврийн танк эсэргүүцэх пуужингийн систем, цэргийн хэрэгслийг тээвэрлэхийн тулд түрээсэлжээ.
Ирэх долоо хоногт цэрэг-техникийн тусламжтай Америкийн шинэ нисэх онгоц Киевт ирэх төлөвтэй байна. Энэ тухай өмнө нь Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников мэдэгдсэн юм. Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс энэ долоо хоногт “Лондон Украиныг хамгаалалтын хэрэгсэлтэй болгох, Украины армийг сургах талаар шаргуу ажиллаж байна” гэсэн юм.