Цагаан сарын баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг Эрүүл мэндийн яамнаас дахин уриалав.
Энэ тухай Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Омикрон хувилбараар 12-оос доош насны хүүхдүүд шинж тэмдэггүйгээр хөнгөн өвдөж халдварыг эцэг эхчүүд, ахмад настнуудад тараах эрсдэл байгаа.
Олон оронд хийсэн судалгаагаар 12-оос доош насныхан шинж тэмдэггүйгээр өвдөж халдвар тарааж байна гэдэгт анхаарал хандуулж байна.
Иймд Цагаан сараар Омикроны шинэ хувилбар орж ирэх эрсдэлтэй байгаа төдийгүй 12-оос доош насны хүүхдүүд халдвар тараах эрсдэлтэй байгаа учраас баяраа гэр гэртээ тэмдэглэхийг иргэдэд уриалж байна” гэлээ.
Мөн тэрбээр “Коронавирусийн Омикроны дэд хувилбар нь вакцингүй хүн амд эрсдэл учруулж болзошгүй. Дэлхий дахинд 6 сараас 5 хүртэлх насны хүүхдүүд вакцингүй байгаа. АНУ-д 6 сартайгаас 5 настай хүүхдүүдэд хийж байсан вакцины судалгаа амжилтгүй болсон. Тиймээс аль нэг улсад уг насныханд зориулж вакцин хийгээгүй байна.
Харин 5-11 насны хүүхдийн вакциныг 10 гаруй улсад хийж байгаа. Гэхдээ Омикроны давлагаанд 5-11 насны хүүхдүүдийн дунд эрсдэл харьцангуй бага байгаа учраас уг насныханд вакцин хийхгүй гэсэн шийдвэрийг дэлхийн зарим улс гаргаж байгаа. Тухайлбал, Швед улс өчигдөр 5-11 насныханд вакцин хийхгүй гэх шийдвэрийг гаргасан” гэлээ.