Амгалан дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр буюу нэгдүгээр сарын 27-ны оройноос Баянзүрх дүүргийн зарим орон сууцнууд хэрэглээний халуун ус, халаалтгүй боллоо. Тус станцад тог тасарснаас сүлжээний насос зогсож, хэвийн ажиллаж байсан зуухнууд дээрх ус уур болон хувирч хотын дулааны сүлжээний даралт эрс өссөнөөс хоёр газар дулааны сүлжээнд гэмтэл гарсан хэмээн албаныхан тайлбар өгчээ
Гэмтлийг засварлах ажлыг Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн хоёр бригад хийж гүйцэтгэсэн бөгөөд шөнийн 03:50 цагт Кино үйлдвэрийн салаанд задарсан 200мм-ийн ган хоолойн гэмтлийг олж гагнаж дууссан байна.
Амгалан ДС-ын гарах халууны хэмийг 07:00 цаг гэхэд 100 хэмд хүргэх даалгаврыг албаны зүгээс өгчээ. 2Г магистралийн “Кино үйлдвэр”-ийн салаа Ф200мм-ийн шугамын гэмтлээс шалтгаалж Кино үйлдвэр орчмын дөрвөн орон сууц, 19 аж ахуйн нэгжийн хэрэглээний халуун ус болон халаалт хязгаарлагдсан байна. Мөн гэмтлээс шалтгаалж Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Зүүн түгээх төвөөс хэрэглээний халуун ус болон халаалтаа авдаг нийт 24 ус дулаан дамжуулах төвийн үйл ажиллагаа доголджээ.