МҮЭХ, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хороо, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. “Төрийн үйлчилгээний хамгийн бага албан тушаалд хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудыг хувийн байгууллагад гэрээт ажилтан болгох шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг бид оны өмнөхөн эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн мөн шаардлага тавьсан. Харин бидний тавьсан шаардлагын хариуг Засгийн газар өчигдөр ирүүллээ. Үүнд төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн ажилчдыг өөрийн хүсэл сонирхлоор буюу сайн дурын үндсэн дээр бусад байгууллага, хувийн хэвшилд харьяалагдан ажиллаж болно. Хэрэв ийм сонголт хийсэн тохиолдолд цалинг бууруулахгүй нэмнэ гэж хариу ирүүлсэн. Гэвч Засгийн газраас гаргасан энэ шийдвэр хөрсөн дээрээ буухгүй байна. Учир нь зарим төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин арванхоёрдугаар сарын 18-наас өнөөдрийг хүртэл буугаагүй. Харин буусан цалин нь ямар нэгэн урамшуулал, нэмэлтгүй ердөө үндсэн цалин байна. Зөвхөн үндсэн цалинг олгоод үлдсэн нэмэлт, урамшууллыг хэн авав. Энэ зөрчлийг илрүүлэхгүй бол бид тэмцлийн дараагийн шатанд орохоо мэдэгдэж байна” гэж МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээллээ.