ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн Ахлах сувилагч Ц.Тунгалаг COVID-19-ийн халдвараар өвчилсөн хүүхдэд үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гэрийн хяналтад эмчлүүлж буй хүүхдийн эмнэл зүйн байдлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хяналт тавина.
Эцэг эх, асран хамгаалагчдад эрүүл мэндийн ажилтан хүүхдэд илэрч буй шинжүүдийг тайлбарлан зөвлөж үүнийг үндэслэн тогтмол хянаж эргэн мэдээлэлтэйгээр хянана.
Ингэхдээ:
Орчин: Гэрийн ба өрөө тасалгааны агаарын сэлгэцийг тогтмол хийж өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээг хийнэ.
Хооллолт: Хүүхдийг өвчилсөн үед ердийнхөөс илүү уулгах зарчим барин хоолонд тулгуурласан шингэн хангалттай уулгана. Үүнд, цэвэр ус, бүлээн хярам, үзэмний шүүс, шөл гэх мэт орно. Кофейн агуулсан бүтээгдэхүүн, хийжүүлсэн удаа, чихэрлэг ихтэй шингэн уулгахаас аль болох татгалзана.
Сахар: Сахар агуулсан хоол хүнсийг аль болох хязгаарлавал дэмжлэг болно. Ханиад томуу уушгины эмгэгийн үед цэр салст ихэр ялгардаг тул сахар цэрийг өтгөрүүл гадагшлахад хүндрэлтэй болдог.
Шим тэжээллэг хоол хэрэглэх: Насанд нь тохирсон хоолоор хооллоно. 0-6 сар хүртэлх насны хүүхдийг зөвхөн хөхөөр хооллоно.
Амрах: Хүүхэд орой 21:00 цагт унтаж амарсан байвал өсөлтийн даавар, 22:00 цагт унтвал дархлааны дааврын ялгаралт хэвийн байх ач холбогдолтой.
Усанд оруулах: Хүүхдийн булчин суларч, судас өргөсч, цусны эргэлт сайжирч бодисын солилцоо идэвхжин, амьсгалын дээд замд чийгшил өгөхөөс гадна хүүхэд тайвширна. Усанд орох үед хүүхэд халуунгүй байвал зохимжтой.
Цээжийг өндөр байлгах: Цээжийг 30 хэм өндөрт байлгах нь зөв. Цээжийг өндөрлөх байрлал нь хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулан амьсгал дамжилт илүү хялбар болж амьсгалахад зарцуулах энергийг багасгана. Сэрүүн түрүүлэг нь харуулан хэвтүүлэхэд цасан хангамжийн харьцаа ба хүчилтөрөгчийн хангамж сайжирна.
ЯМАР ҮЕД ЯАРАЛТАЙ ЭМЧИД ЭРГЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?
Уух буюу хөхөндөө муудах: Ээж нь хүүхдээ хөхүүлэх үед сөрөх буюу хөхөж чадахгүй болох, урьд нь уудаг байсан цай, ус, шөл зэрэг шингэн зүйлийг залгих чадваргүй болох,
Өвчин хүндрэх: Эмчийн заасан эмчилгээг хийж байтал хүүхдийн биеийн байдал үзүүлсэн үеэсээ дордох, хүндрэх, унжийх, сэрж чадахгүй унтаарах,
Амьсгал олширсон: Хүүхэд халуунгүй тайван үед амьсгалын тоог эцэг, эхчүүд өөрсдөө хувцсыг нь сөхөөд цээжний хөдөлгөөнийг хараад тоолно.
Ингэхдээ минутад,
- 2 сар хүртэлх хүүхэд 60-аас дээш,
- 2-11 сартай хүүхэд 50-аас дээш,
- 1-5 настай хүүхэд 40-өөс дээш байвал амьсгал олширсон байна гэж үзнэ.
Амьсгал саадтай болох: Амьсгал авах гаргахад ямар нэг тээр саадтай болсон тохиолдолд болон цээж хонхолзох, цустай цэр гарах,
Суулгалттай хүүхдэд: Шингэн, цустай хүндрэх, шингэн зүйл ууж чадахгүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандана. Мөн хүүхдийг халуурах үед эцэг, эх, асран хамгаалагч нь маш сайн анзаарч байхыг зөвлөв.
Хацар нь улайж, гар хөл нь халуун оргиж байвал харьцангуй хор багатай бол нүүр царай цонхийж цайрч, гар хөл хөрч халуурвал эмчид мэдээлэх хэрэгтэй.