ОХУ-ын эрх баригч “Нэгдсэн Орос” намын тэргүүн Сергей Аксенов Донбассын Бүгд найрамдах улсуудад зэвсэг нийлүүлэх шаардлагатай гэсэн санаачилгыг дэмжиж байгаагаа өөрийн Telegram сувагтаа мэдэгджээ. Өмнө нь “Нэгдсэн Орос”-ын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Турчак “Москва Бүгд Найрамдах Луганск, Донецк Ард Улсын батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн түрэмгийллийг таслан зогсооход тодорхой төрлийн зэвсэг нийлүүлэх хэлбэрээр шаардлагатай тусламж үзүүлэх ёстой” хэмээн мэдэгдээд байсан юм.
Харин Сергей Аксенов Луганскын Бүгд найрамдах улс болон Донецкын Бүгд найрамдах улсуудад зэвсэг нийлүүлэх шаардлагатай гэсэн “Нэгдсэн Орос” намын санаачилгыг би бүрэн дэмжиж байна. Бид Донбассын ард түмнийг хамгаалж, барууныхан зэвсгээр хангаж, тэднийг түлхэж буй Киевийн дэглэмийн түрэмгийллийг зогсоох ёстой. Энэ бол галзуу үйлдэл. Орос ард түмнээ орхиогүй” хэмээн бичжээ.
Мөн тэрбээр 2014 оноос хойш АНУ тэргүүтэй НАТО-гийн орнууд Украинд зэвсэг нийлүүлж, армиа сургаж байгаа нь Минскийн гэрээг шууд зөрчиж, Донбассын зохицуулалтад сөргөөр нөлөөлж байна. Америкчуудаас гадна Их Британи, Канад, Франц, Польш, Турк, Литва, Чех, Болгар, Румын, Эстони зэрэг улсууд олон тэрбум долларын нийлүүлэлтэд оролцож байгаа хэмээжээ.
АНУ Украинд танк эсэргүүцэх пуужингийн Javelin систем, эргүүлийн завь, мэргэн буучдын буу, батерейны эсрэг радарын станц, Их Британи – NLAW танк эсэргүүцэгч гранат харвагч, Турк – Bayraktar TB2 довтолгооны нисгэгчгүй онгоцыг нийлүүлсэн. Украин, Их Британи хоёр улсын нутаг дэвсгэрт байлдааны хөлөг онгоцуудыг хамтран зохион бүтээх, Украины Тэнгисийн цэргийн хүчний хоёр бааз барих тухай санамж бичигт гарын үсэг зураад байгаа юм.