Цэцэрлэгийн танхимын сургалт хэзээ эхлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Цэцэрлэгүүд сургуулийн амралттай зэрэгцэн амардаг байсан. Харин сүүлийн хоёр жил хөл хориотой байсан учир энэ жил хүүхдүүдийг аль болох цэцэрлэгт хамруулах бодлого барьсан тул өнөөдөр ч цэцэрлэг нээлттэй бий.
Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3, 4, 5 настай хүүхдүүдийг хамруулна” гэлээ.
Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байх юм байна. Түүнчлэн намар цэцэрлэг хамрагдаж чадаагүй гурван настнууд хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт явахаар бол хэрхэн бүртгүүлэхийг БШУЯ-наас тодруулахад “Шийдвэрийг дагаад холбогдох үйл ажиллагааг зохицуулах тухай албан бичгүүд гарч, Боловсролын газруудад хүргэгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллүүд удахгүй тодорхой болно” гэлээ.