Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааны нээлтийн үеэр сэтгүүлчийн асуултад хариулсныг хүргэж байна.
– Гүний уурхайн үйл ажиллагаа эхэлснээр үр өгөөжийн хувьд ямар үр дүнгийн хүлээлттэй байгаа вэ?
– Оюутолгойн уурхайн өнөөгийн гаргаж байгаа бүтээгдэхүүний борлуулалтын орлого хязгаарлагдах нэг хүчин зүйл байдаг нь баяжуулах үйлдвэрийн хүчин чадал. Одоогоор баяжуулах үйлдвэр нь 40 сая тонн хүдрийг баяжуулах хүчин чадалтай.
Өнөөдөр гүний уурхайн хамгийн анхны нураалтын тэсэлгээ хийлээ. Үүнээс өмнө зөвхөн малталт гаргах зорилгоор л тэсэлгээнүүд хийж байсан.
Ийнхүү тэсэлгээг хийж эхэлснээр аажмаар Гүний уурхайгаас гарах хүдрийн хэмжээ нэмэгдэж, ил уурхайгаас гарах хүдрийн хэмжээ багасна. Гүний уурхай бүр мөсөн хүчин чадлаараа ажиллах үед Хүдрийн агуулга гурав дахин илүү гарна. Үүнийг дагаад баяжуулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн ч гурав дахин нэмэгдэж, борлуулалтын орлого, АМНАТ-ын хэмжээ өснө гэсэн тооцоо бий.
-Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
– Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр нь нийт 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай байх юм. Хамгийн эхний буюу 10 сая тонн хүчин чадалтай хэсгийг 2023 онд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эхлүүлнэ. Тендерт шалгарсан гүйцэтгэгч компанитай бид нэгдүгээр сард амжиж гэрээгээ байгуулна.
Өөрөөр хэлбэл, Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн анхны төсөл удахгүй эхлэх гэж байна.
– “Оюу толгой”-н төлөөлөн удирдах зөвлөл засаглалаа хэрхэн сайжруулж, эргээд хяналтаа хэрхэн тавих вэ?
– Засаглал гэдэг бол өргөн хүрээтэй ойлголт. Засаглалыг сайжруулах нь одоо хэлэлцээр дотор явж буй нэлээд том асуудал.
Гэхдээ манай улс хамтарсан үйлдвэрүүдийн засаглал хэрхэн явж байсан талаар туршлагатай.
Ер нь удирдах түвшинд оролцоо өндөр байх ёстой. Тэр утгаараа монгол инженерүүд, монголчууд үйлдвэрийн процессыг удирдах үйл ажиллагаанд мэдээллийн эх үүсвэрт хүрэх, тэнцвэртэй байх талаасаа ч оролцоо их байх ёстой.
Хэлэлцээрийн хүрээнд ТУЗ-д ямар төлөөллүүд байх, тэд шийдвэрт яаж нөлөөлөх болон үйл ажиллагаа, удирдлага гээд үйлдвэрлэлийн бүх шатанд “Оюу толгой”-н 34 хувийг хэрэгжүүлж буй “Эрдэнэс Оюутолгой” компанийн төлөөлөл байх ёстой талаар ярьж ирсэн. Энэ асуудал шийдэгдэнэ гэж бодож байна.