-Гэр хорооллын айлуудын байшин сууцыг инженерийн дэд бүтцэд холбох шийдлийг хэлэлцлээ-
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн мягмар гарагт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон тус яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Гүнболд нарыг хүлээн авч уулзлаа. Мөн уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Орчин бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Энхмөнх нар оролцсон юм. Хоёр яамны удирдлагуудын уулзалтын зорилго нь агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд эдийн засагт дарамт үүсгэхгүйгээр инженерийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх боломжийг судлах, хийж буй ажлуудаа танилцуулж харилцан санал солилцох байв.
Уулзалтын эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ “2021 байдлаар ипотекийн зээлд хамрагдсан өрхийн 30 хувь нь гэр хорооллоос орон сууцанд шилжсэн бол 70 хувь нь орон сууцнаас орон сууцанд шилжсэн байна. Гэр хорооллын иргэд орон сууцанд орох гэхэд урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд хүндрэлтэй, өрхийн орлого банкны шалгуурт хүрдэггүй зэрэг олон шалтгаан байдаг. Иймд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг бодлогоор дэмжих шаардлагатай.
Айл өрхүүдэд эдийн засгийн дарамт үүсгэлгүй амьдарч буй байшин сууцанд инженерийн дэд бүтцийг шийдэх, хийн болон бусад шинэ технологийг нэвтрүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт татаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг салбарын яамд хамтран эхлүүлэх нэн шаардлагатай байна” хэмээн онцоллоо. Мөн тэрбээр агаарын бохирдол, утааны асуудлаас гадна Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюул дагуулж байгааг дурдаад “Ногоон стандартын эрхзүйн орчныг бүрдүүлж, төрөөс татварын бодлогоо гаргаж олон улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжийг нээхэд салбарын яамд хамтран ажиллах нь зүйтэй. Иргэд өрхийн орлогоороо зээлээ төлөх боломжийг бүрдүүлж өгснөөр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн түлхэц болно” гэдгийг дахин тодотгов.
Энэ үеэр Барилга хот байгуулалтын яамнаас танилцуулга хийсэн юм. Танилцуулгад “Нийслэлийн гэр хороололд буй 220 мянган айл өрхийн нэг орчим хувь нь өөрсдөө бие даасан байдлаар цахилгаан, дулаан, бохирын дэд бүтцээ шийдсэн байдаг. Харин төрөөс бодлогоор гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд 25 байршилд 74 хэсэгчилсэн талбайд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх, эдгээрийн инженерийн шугам сүлжээг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд жишээлбэл, Чингэлтэй дүүргийн VII хороонд дулаан, цахилгааны асуудлыг шийдвэрлэх Дэд төв байгуулж гэр хорооллын айл өрхийг дэд бүтцээр хангах төслийг хэрэгжүүлж байгаа” тухайг дурдсан юм.
Танилцуулгатай холбогдуулан хоёр яамны удирдлагууд гэр хорооллуудыг бүхэлд нь нэг дор төвийн шугамд холбох боломжгүй.
Иймд Дэд төвүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлэх, захын хорооллуудын дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Улмаар “Гэр хорооллын нийт айл өрхийн 100 мянга орчим нь монгол гэрт, үлдсэн 110 мянга гаруй нь байшин сууцанд амьдарч байна. Байшин сууцны чанарыг сайжруулж, дулаан алдалтгүй болгож стандартад нийцүүлэн барих, “С” ангиллаас дээш амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл олгох, ногоон технологийг дэмжих, зээлийн хүүг бууруулах зэрэг цогц шийдлийг салбар яамд нэгдсэн бодлогоор гаргаж Засгийн газарт танилцуулан шийдвэрлэх нь зүйтэй” гэдэг дээр санал нэгдэв.
Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Төсөв хүрэлцээгүй, газрын асуудал маргаантай гэх мэт шалтаг тоочоод хойш суугаад байвал хэзээ ч урагшлахгүй. Тиймээс олон улсын туршлага, дотоод бололцоондоо тулгуурлан шийдэл гаргаж бодит ажилд хамтран ажиллахыг чухалчилж байгаа” гэдгийг онцлон хэлээд жишээ болгож ӨМӨЗО-ны Ордос хотыг богино хугацаанд барьж, хүн амын төвлөрлийг сааруулах хүрээнд нүүлгэн шилжүүлэлтийг амжилттай зохион байгуулж байсан туршлагыг дурдсан юм.