Facebook олон нийтийн сүлжээг эзэмшдэг Meta Platforms Inc хиймэл оюун ухаан ашиглан супер компьютер бүтээснээ зарлажээ. Тус комьпютер тун удахгүй дэлхийн хамгийн хурдан компьютер болно гэж хөгжүүлэгчид үзэж байгаа аж.
Суперкомпьютер AI-Research SuperCluster (RSC) нь хөгжүүлэлтийн багийн хоёр жилийн ажил бөгөөд тус баг ихэнх ажлаа цар тахлын хөл хорионы хоёр жилд алсаас хийж хэрэгжүүлсэн байна. Төсөлд хэдэн зуун хүн болон түнш компаниуд болох Nvidia Inc., Penguin Computing Inc.-ийн шинжээчид оролцжээ.
Meta энэ оны зуны дунд сар гэхэд суперкомпьютер бүрэн бэлэн болно. Үүнд 16 мянга орчим график процессор багтаж, дэлхийн хамгийн хурдан компьютер болох болно хэмээн тооцоолж байна. Суперкомпьютерууд нь олон зуун хэлтэй ажиллах, текст, зураг, видео зэрэгт дүн шинжилгээ хийх, бодит байдлын хэрэглүүрийг хөгжүүлэх боломжтой хиймэл оюун ухааны загвар байх аж. Мөн хортой контентыг хялбархан таньж, хүн шиг сэтгэх чадвартай хиймэл оюун ухааны загвар бүтээхийг зорьж байгаа юм байна.
Тус компани суперкомпьютерийг яг хаана байрлуулах болон түүнийг бүтээхэд шаардагдагдсан зардлын тухай мэдээллийг дэлгээгүй хэмээн The Wall Street Journal тэмдэглэжээ.