Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр МИАТ ТӨХК-д ажиллажээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар МИАТ ТӨХК-д зочлон 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан Монгол Улсын Хуулийг МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирт гардуулж өгчээ.
Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир компанийн өнөөгийн байдал, санхүүгийн хүндрэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулсан байна.
Мөн ЗТХ-ийн сайд Л.Халтар МИАТ компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт хийгдэж буй Royal Flight компанийн В737-800 агаарын хөлгийн техник үйлчилгээний явцтай танилцаж, инженер техникийн ажилчдын ур чадвараар бахархаж байгаагаа дурдан цаашид агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын зах зээл дээр улам илүү амжилттай ажиллахыг хүсэж байна гэв.