АНУ-ын Батлан хамгаалах яам Европ руу 8500 цэрэг шилжүүлэх шаардлагатай гэж үзэн өндөржүүлсэн бэлэн байдалд оруулна гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби даваа гаригт мэдэгджээ. Тэрбээр хэвлэлийн бага хурал дээр “Пентагоны тэргүүн АНУ дахь нэгжүүдийг Европ руу илгээх шаардлагатай бол өндөржүүлсэн бэлэн байдалд оруулна хэмээн шийдсэн. Нийтдээ бид 8.5 мянга орчим цэргийн тухай ярьж байна” гэж ярьжээ.
Гэхдээ эдгээр цэргийн хүчийг Европт байрлуулах шийдвэр гараагүй бөгөөд Цэргийн командлал зөвхөн бэлэн байдлаа нэмэгдүүлэхээр шийдсэн. Ингэснээр шаардлагатай бол цэргүүдийг Европ руу хурдан зөөвөрлөх боломжтой болж байгаа талаар Пентагоны хэвлэлийн төлөөлөгч онцолсон байна.
Мөн тэрбээр ОХУ-аас Украины бүс нутагт хурцадмал байдлыг намжаах шинж тэмдэг харагдахгүй байгаа нөхцөлд Вашингтон ийм шийдвэр гаргасан бөгөөд цэргийн хүчийг Европ руу шилжүүлэх шаардлага гарч магадгүй байгаа. Гэхдээ энэ нь АНУ Оросын Холбооны Улстай дипломат харилцаагаа зогсооно гэсэн үг биш.Энэ шийдвэр нь цаг хугацаагаар хязгаарлагдахгүй хэмээжээ.
Үүний өмнө АНУ Зүүн Европ болон Балтийн эрэгт АНУ-ын 5000 хүртэлх цэргийг байршуулах төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд “Нью-Йорк таймс” сонины сурвалжлагчдын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Балтийн болон Зүүн Европт Америкийн хэдэн мянган цэрэг, түүнчлэн байлдааны хөлөг онгоц, нисэх онгоц байрлуулах талаар хэлэлцэж байна.