“Пластик центр” ХХК хаягдал гялгар уутаар нүхэн жорлонгийн доторлогоо, бохирын хуванцар цагираг, шилжүүлэгч таг, траншейний таг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эднийх хоногт 7-8 тонн хаягдал гялгар уут боловсруулах хүчин чадалтай бөгөөд нийслэлийн хогийн төвлөрсөн гурван хог, томоохон ААН-үүдээс түүхий эдээ хүлээн авч жилийн дөрвөн улирал үйл ажиллагаа явуулж байна. “Пластик центр” ХХК харилцагчдынхаа хүрээг тэлж хөдөө орон нутаг болон хувь хүмүүс хаягдал гялгар уут нийлүүлэх боломжийг бий болгожээ. Энэ нь нэгдүгээрт хоггүй монголын төлөө уриан дор нэгдэх, нөгөө талаас түүхий эдийн хомстол үүссэнтэй холбоотой гэнэ.
Тус компани өмнө гялгар уутны хаягдлаар хүүхдийн тоглоомын талбай бүтээж байсан. Мөн Зүгээр битгий хая аяныг өрнүүлэн томоохон супермаркет, сүлжээ дэлгүүрүүдэд ЗҮБИ нэртэй хаягдал гялгар уут цуглуулах савнуудыг байршуулж байна. Компанийн мэргэжилтэн “Хүмүүс манайд гялгар уутны хаягдал нийлүүлэх боломжтой. Хаягдал гялгар уут газрын хөрсөнд 300-400 жил яг тэр хэвээрээ оршдог хаягдал учраас бүгдээрээ хөрсний бохирдлын эсрэг аянд нэгдэхийн тулд хэн ч байсан гялгараа аваад ирэх боломжтой. Улирлын чанараасаа шалтгаалаад түүхий эд авах үнэ бага зэрэг хэлбэлздэг. Яг өнөөдрийн байдлаар кг-ыг нь 650 төгрөгөөр авч байна. Нэмж хэлэхэд манайх зөөлөн төрлийн буюу татахаар сунаж урагддаг гялгар уутны хаягдлыг авдаг” гэлээ.