Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын чиглэл өгөв. Үүнд:
-Хөрөнгө оруулалтын болон эрх шилжүүлсэн ажлуудыг үнэлгээний хороог байгуулж, тендер зарлах ажлуудыг хуулийн хугацаанд ил тод, нээлттэйгээр зохион байгуулж, 3 дугаар сарын 1-нээс бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх бэлтгэл хангах,
-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр хийх төсөл, арга хэмжээний барилга байгууламж, ажлын нөлөөлөлд өртсөн иргэн, хуулийн этгээдийн нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлэх ажлыг шуурхайлах,
-Нутгийн захиргааны байгууллагууд дотооддоо халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг тогтмол хийж, халдвар илэрсэн үед авах хариу арга хэмжээний түр заавар зөвлөмжийг хэрэгжүүлэх,
-Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг оны эхнээс жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх, урьд оны дутуу төлөлтийг барагдуулах,
-Сайжруулсан түлшний борлуулалтын цэгүүдийг түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих,
-Инженерийн хангамжийн байгууллагууд шугам сүлжээний аюулгүй байдалд анхаарч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах,
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өөрсдийнхөө ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарах, мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ хоёрдугаар сарын 10-ны дотор өгч дуусгах зэргийг онцлон үүрэг болгов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС