ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хий дамжуулах төслийн ТЭЗҮ өнгөрсөн оны 12 дугаар сард эцэслэгдсэн. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд хийн хоолойн төслийн дараагийн шатны ажлыг эхлүүлэх асуудлаар “Газпром” компанийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой утсаар ярьжээ. Ингээд Ирэх долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан болон “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, Монгол Улсын газар нутгийг дайруулан БНХАУ руу тавигдах хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэснийг баталгаажуулах протоколд гарын үсэг зурах юм байна. Цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар нарийвчлан хэлэлцэж, энэ хүрээнд хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэх, гарын үсэг зурах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар тохирчээ.