Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аубакир танилцуулав.
Тэрбээр “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Асгатын мөнгөний орд нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаардаг бөгөөд 1986 оноос Асгатын мөнгөний ордын хэмжээнд явуулсан төрөл бүрийн геологи судалгааны ажлууд хийгдэж, сүүлийн хайгуулын ажил 1991 оноор дуусгавар болсон байдаг. Тус ордын нөөцийг хараахан бүрэн тогтоож амжихгүйгээр хайгуулын ажил зогссон.
Байнгын хорооноос байгуулагдсан дээрх Ажлын хэсэг нь тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг эрчимжүүлэхтэй холбоотойгоор тухайн орд байршиж буй орон нутгийн удирдлагууд болон холбогдох яамдын болон энэ талын мэргэжлийн хүмүүстэй удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсож ажилласан” гэв.
2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд Стратегийн ач холбогдол бүхий томоохон орд болох Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зайлшгүй шаардлагатай. Үүний тулд тус ордод нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэн нөөцийг бүрэн тогтоох, нэмж хайгуул хийх ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны эхний хагас жилд багтаан зарлах, мөн тус ордын нарийвчилсан хайгуулын бүс нутгийн хэмжээнд гүйцэтгэж, нөөцийг шинэчлэн тогтоох ажлыг 2024 онд багтаан хийх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Т.Аубакир танилцуулгадаа онцлов.