ОХУ-ын Төв банк тус улсын нутаг дэвсгэрт криптовалют олборлох, эргэлтэд оруулахыг хориглох саналыг гаргажээ. Үүний дараа баасан гаригийн дуудлага худалдаагаар биткойны ханш 8%-иар буурч, 38.709 доллар (Москвагийн цагаар 09:42 гэхэд) болсон бол эфирийн (Ethereum) үнэ 9%-иар буурч 2853 доллар болжээ.
Биткойны ханш 11-р сард дээд цэгтээ хүрснээс хойш үнэ цэнээ 40 гаруй хувиар алдаж, дэлхийн криптовалютуудын капиталжуулалт 147 тэрбум доллараар унасан гэж Coinmarketcap.com мэдээлэв.
Дижитал валютыг ихэвчлэн инфляцийн эрсдэлээс хамгаалах хэрэгсэл болгон ашигладаг ч Холбооны нөөцийн систем илүү хатуу байр суурьтай байх нь биткойн болон бусад криптовалютуудад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Мөн биткойны үнэ огцом буурах нь хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийхийг нэмэгдүүлж, хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтыг бууруулахад хүргэж болзошгүй хэмээн шинжээчид бичжээ.
Үүний зэрэгцээ, АНУ-ын Төрийн сангийн бондын өгөөж долоо хоногийн эхээр сүүлийн хоёр жилийн дээд цэгтээ хүрсний дараа буурсан бөгөөд “Oanda”-гийн ахлах шинжээч Эдвард Моя “Төрийн сангийн өгөөжийн чиг хандлагын өөрчлөлтөд биткойн эерэг хариу үзүүлээгүйд бага зэрэг сэтгэл дундуур байна” хэмээн мэдэгджээ.
“Oanda”-гийн ахлах шинжээч Эдвард Моя ОХУ-ын Төв банкны тайлан нийтлэгдсэний дараа биткойны үнэ 40.000 доллараас доош унаж магадгүй гэж таамаглаж байсан. Тус тайланд криптовалютыг өргөнөөр ашиглах нь Оросын санхүүгийн зах зээлд томоохон эрсдэлийг бий болгож байгаа бөгөөд энэ нь ОХУ-ын иргэдийн криптовалют дахь хөрөнгө оруулалтын хэмжээг хязгаарлахгүй, цаашид өсөхөд системийн аюул заналхийлж болзошгүй” хэмээсэн байна.
Орос бол биткойн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч гурван орны нэг юм.