2022 онд Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Мөн энэхүү чуулгыг үүсгэн байгуулагч, нэрт сурган хүмүүжүүлэгч, удирдаач, ардын жүжигчин Ц.Батчулууны мэндэлсний 70 насны ой тохиож байна. Тиймээс үүнтэй холбогдуулан “Цэндийн Батчулуун” сангаас санаачлан Улсын филармонийн дэмжлэгтэйгээр “Морин хуурын чуулга” нь Монголын хөгжмийн зохиолчид болон зохиомжийн чиглэлээр мэргэшин суралцаж буй оюутан залуусын дунд морин хуурт зориулсан нэн шинэ /жижиг хэлбэр/ бүтээлийн уралдааныг зохион байгуулахаар болсон байна.
Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан “Орчин цагийн морин хуурын хөгжил хурдацтай, хүчтэйгээр хөгжин буйн гол хүчин зүйл нь түүхэн цаг хугацааны гарамгай хуурчдын болоод Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын хамтын зүтгэлийн үр дүн хэмээн хамтатган ойлгодог” хэмээсэн юм.