Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, “ТИТЭМ-АРТ” академийн тэргүүн, урлаг судлаач, докторант, дэд профессор Эрдэнэхуягийн Ариунболдыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.
Э.Ариунболд нь Монголын Эзэнт гүрний Их хаадын захидал, зарлиг болон зоос, зоосон тэмдэгтүүд, Их бага хаадын овгийн тамга зэргийг эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлан уран бүтээл туурвиж, Монгол Улсад анхдагч виртуал үзэсгэлэнг зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Япон, ОХУ, АНУ, БНСУ-ын Дизайны их сургууль, ЮНЕСКО-ийн Олон улсын каллиграфигчдын хуралд Монгол Улсаа төлөөлөн оролцож, түүх эх хэл, соёлын өвөө гадаадад сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн.
Тэрээр Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа үндэсний бичиг үсэг, өв соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, эх орноо дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулж, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлэв.