Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од:
Мөрдөгч, прокурор, шүүгч нар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх замаар авлигын гэмт хэрэгтэй дор бүрнээ тэмцэж байгаа боловч энэ нь авлигын гэмт хэргийг бууруулахад хангалттай нөлөөлөх хүчин зүйл болж чадахгүй байна.
Авлигаас ангид байх, авлигын индексийг дээшлүүлэхэд цахим шилжилт нэн чухал юм. Учир нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, хахууль авах, өгөх гэмт хэргүүдийн гарах шалтгаан нь төр иргэдэд үзүүлэх үйлчилгээ ил тод биш, үйл ажиллагаа нь түргэн шуурхай явагддаггүй, иргэдэд үзүүлэх үйлчилгээ нь тодорхой бус байдаг зэргээс болдог гэж үздэг. Тиймээс төрийн үйлчилгээг олон шат дамжлагагүй, хүнд сурталгүй, хүнээс хамаарал багатай болгох нь авлигын гэмт хэрэг бууруулахад чухал нөлөө үзүүлэх боломжтой юм.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг цахимжуулах зорилгоор e-mongolia, e-gazar.gov.mn, gerege.mn, e-barimt.mn гэх мэтчилэн мэдээллийн нэгдсэн системүүдийг нэвтрүүлж байгаа нь том дэвшил гэж харж байна. Тухайлбал, цахим шилжилтэд шилжсэнээр авлигын гэмт хэрэг нь буурч, индекс нь өсч буй жишээ улс бол Эстони улс юм. Эстони улс төрийн үйлчилгээний 99 хувийг цахимжуулснаар авлигын гэмт хэргийн гаралтыг бууруулж, 2012 оноос хойш авлигын индекс нь жилээс жилд өсөж байгаа. 2012 оноос хойш “Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас гаргасан авлигын төсөөллийн индексээр 75 оноогоор 17-д бичигдсэн.
Прокурорын байгууллагын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийг процесс ажиллагааг ил тод, нээлттэй болгох үүднээс 2020 онд e-justice.mn цахим сайтыг нээн ажиллуулж байна.