Хүний эрхийн зөрчил, тоо технологийн бүтээгдэхүүнээр дамжсан тагнуулын ажиллагааг судалдаг байгууллага Citizen Lab-ын мэргэжилтнүүд Хятадын My2022 цэсийн судалжээ.
Уг цэс нь Бээжингийн өвлийн олимпод оролцох тамирчид, түүнчлэн зочид төлөөлөгчид, итгэмжлэл бүхий сэтгүүлчдийн зайлшгүй хэрэглэх ёстой цэс аж. Citizen Lab-ын мэдээлснээр, My2022 нь дамжуулсан мэдээллийн нууцлалд халдах хэд хэдэн сул талтай гэнэ.
Тодруулбал, хэрэглэгчийн чат, програмаар дамжуулж буй файлууд дахь дуут мессежийн шифрлэлтийг алгасах боломжийг олгодог. Жишээ нь гэхэд My2022 цэс нь эрүүл мэндийн байдлын мэдээллийг цуглуулдаг бөгөөд тэрхүү анкет дотор нь паспортын мэдээлэл, хүн ам зүйн мэдээлэл, аяллын түүх, өвчлөлийн түүх зэргийг багтаадаг байна. Энэ мэдээллийг ямар байгууллагад өгөх талаар цэсэнд тайлбарлаагүй байна. Үүнээс гадна Хятадын боловсруулсан “олимпийн цэс” нь “улс төрийн агуулгатай контент”-оор гомдол гаргах функцтэй. My2022-д цензурдэх үгсийг хүртэл багтаажээ. Одоогоор энэ хэсэг нь идэвхжээгүй ч Хятадын удирдлагууд, Төвөдийн тсгаар тогтнол, Шинжаан-Уйгурын өөртөө засах бүсийн лалын шашинтнуудыг хавчин гадуурхах зэрэг асуудлыг оруулжээ. Citizen Lab-ын мэргэжилтнүүд энэ цэсийг Google, Apple-ийн цэсний дэлгүүр төдийгүй Хятадын мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийг ч зөрчсөн гэж үзэж байна. Бээжингийн өвлийн олимп ирэх сарын 4-нд нээлтээ хийнэ. ВВС-д бичсэнээр, олон орны тамирчдыг Хятад руу хувийн гар утсаа авч явахгүй байхыг зөвлөжээ. Үүний оронд “нэг удаагийн төхөөрөмж” худалдан авч, аяллын явцад шинэ и-мэйл хаяг үүсгэн ашиглахыг зөвлөжээ.