Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.11-т “Нийслэл хотын замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем төслийг бүрэн хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.
Тус зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас “Зам тээврийн нэгдсэн ухаалаг систем”-ийн ерөнхий томьёоллыг гаргаж, 2022 онд хэрэгжүүлэх дэд системүүдийн техникийн даалгавруудыг боловсруулсан байна.
Тус системийн техникийн даалгаврыг хамтран хэрэгжүүлэх, холбогдох чиг үүргийн байгууллагуудад өнөөдөр танилцуулж, санал солилцлоо.
Хурлаар Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүйн, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва төслийг амжилттай хэрэгжүүлэхэд санаачилгатай хүчин чармайлт гаргаж нэг баг болж ажиллахыг чухалчилсан юм.
Мөн хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудын удирдлагууд санал солилцож хууль эрхзүйн орчныг судлан төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болгох талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэхээр болов.
Хурлын төгсгөлд “Зам, тээврийн нэгдсэн ухаалаг систем” төслийг хэрэгжүүлэх дэд бүтэц байгуулах, холбогдох нарийн судалгааг гаргаж, техникийн даалгаврыг эцэслэн батлуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан нарт тус тус даалгав.
Мөн тус төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн туршилтыг ирэх сарын 1-ний дотор хийж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Эх сурвалж: Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар