Засгийн газрын ээлжит хурал боллоо. Хуралдаанаас гарсан мэдээллийг танилцуулах үеэр сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм.
Тэрээр “2021 оны 11 дүгээр сарын 15-нд 2022 оны төсөв батлагдсан. Өнгөрсөн хугацаанд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал худалдан авах хуулийн хүрээнд худалдан авах ажиллагаа, тендерийн үйл ажиллагааны явц ямар байгааг Засгийн газарт танилцууллаа. Одоогийн байдлаар энэ жил батлагдсан нийт 717 төсөл арга хэмжээний 19.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагч нарт гуравдугаар сарын 1-н гэхэд өөрсдийн хариуцсан тендерүүдийн эхлүүлэх үүрэг өглөө. Нийт 717 төсөл, арга хэмжээнээс 50 орчим хувийг аймаг, нийслэлийн ЗДТГ-руу шилжүүлсэн байдаг. Гэтэл одоогоор 7 аймагт 13 тендер л зарласан байгаа нь хангалтгүй тоо юм. Тендер нь эдийн засгийг дэмжих, хөрөнгө оруулалтаар дамжиж ААН орлоготой байх зэрэг ач холбогдолтой.
Тендерийн үйл ажиллагааг хуулиараа төсөв батлагдмагц зарлаж болдог болсон. Засгийн газраас өргөн барьсан бүх тендер арга хэмжээ бэлтгэл ажил бүрэн хангасан. Одоо зохион байгуулах ажиллагаа нь л маш удаашралтай байна. Өмнөх жилтэй харьцуулахад ковидын хөл хориогүй байгаа учраас шалтаг тоочих ёсгүй” ” гэлээ.