Нэгдүгээр сарын эхээр Казахстаныг нөмөрсөн эсэргүүцэл нь доодсуудад төдийгүй дээдсүүдэд ч жинхэнэ шок болж, бараг л хувьсгал болон хувирсан юм.
Энэхүү үйл явдлын ард ихэнхдээ засаглалын төлөөх тэмцэл өрнөж, ар хударгаар нь олон улсын томоохон тоглогчдын хоорондох нөөцийн төлөөх хяналтын төлөөр тэмцэл явагддаг. Фокус хэвлэл Казахстанд гудамжны тэмцэл өрнөж байх зуурт улс төрийн бонусыг хэн хувааж, бизнес ашиг сонирхлын салбарыг хэрхэн хуваарилсан талаарх нийтлэл гаргасныг орчуулан хүргэе.
Токаев “өөрсдийнхөндөө” зориулан цэвэрлэгээ хийсэн нь буюу Казахстаны шинэ Засгийн газар
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев эсэргүүцлийн давлагааг ашиглан Аскар Мамин тэргүүтэй Засгийн газрыг огцруулж, тэр өдрөө буюу нэгдүгээр сарын 5-нд Алихан Смаиловыг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.
Нэгдүгээр сарын 11-нд Казахстаны төрийн тэргүүн парламентын доод танхим мажилистаа Смаиловыг Ерөнхий сайдад томилохоор санал оруулж, санал асуулгад оролцсон 89 гишүүн бүгд шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжжээ.
Токаев өөр нэгэн зарлигаар өөрийн туслах Ерлан Кариныг Казахстаны төрийн нарийн бичгийн дарга болгож, Үндэсний аюулгүй байдлын хорооны тэргүүн нь Мурат Нуртлеу болжээ.
Нэгдүгээр сарын 8-нд Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороо тус байгууллагын тэргүүн асан Карим Масимовыг улс орноосоо урвасан хэргээр сэжиглэн саатуулснаа зарласан. Энэ хүн Ерөнхий сайдаар хоёр ч удаа ажиллаж, Үндэсний аюулгүй байдлын хороо 2016 оноос хойш тэргүүлж байсан юм.
Масимовыг ҮАБХ-ны тэргүүн суудлаас авч хаягмагцаа Ерөнхийлөгч Токаев өөрөө Нурсултан Назарбаевын толгойлж байсан Казахстаны аюулгүйн зөвлөлийг тэргүүлж эхэлжээ.
Москвагийн Карнеги төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Александр Габуев Америкийн The Washington Post сонинд мэдээлэхдээ Масимовоор Токаев туг тахилаа гэж байсан юм. ҮАБХ-ны экс тэргүүн нь Назарбаевын үнэнч холбоотонд тооцогдож байсан бөгөөд түүнийг баривчилсан нь Токаевт улс орны аюулгүй байдлыг хариуцсан төрийн бүтцэд хяналт тавихад тус дөхөм болно гэжээ. Гэххдээ Токаевын тоглоом Казахстаны тусгаар тогтнолд маш үнэтэйгээр тусаж болзошгүй. Яагаад гэвэл Орос нөлөөгөө нэмэгдүүлж байгааг Габуев тайлбарлажээ.
Лондонгийн их сургуулийн дорно дахин судлалын факультетийн профессор Бхавна Даве ч ВВС-тэй ярилцах үеэрээ Назарбаевын хүрээлэл Токаевын байр суурийг нураахын тулд эмх замбараагүй байдал дэгдээх сонирхолтой гэсэн таамаглал дэвшүүлжээ.
“Онгоцны буудлыг эзлэн авах, цэргийн объектууд гэх мэт байрнууд руу халдах, тонуул хийх зэрэг нь тусгай албадын оролцоогүйгээр хийж болохооргүй зүйлс. Хэн нэгэн эсэргүүцэгчдийн эгнээнд тагнуулуудаа нэвтрүүлжээ. Улс төрийн элитүүдийн зарим төлөөлөгчид нөхцөл байдлыг тогтворгүй болгож, Токаевын засаглалыг нураах, өөрсдийн байр суурийг бэхжүүлэхийг хүссэн байх” хэмээн тэрбээр ярьжээ.
Их Британийн бизнес шинжээч Бенжамин Годуин ч энэ байр суурьтай санал нэг байна. “Алматы болон бусад хотын гудамжинд бидний харсан зэвсэгт бүлэглэлүүд нь эсэргүүцэлтэй шууд холботой байгаагүй. Тэд Назарбаев болон Токаевын гэсэн гэр бүлүүдийн хоорондын засаглалын төлөөх өнөөгийн тэмцэлтэй холбоотой” гэж шинжээч үзжээ.
Казахстаны газрын баялаг
Казахстан улс газар зүйн хувьд Орос, Хятад гэсэн геополитикийн том хоёр тоглогчийн дунд хавчуулагдан оршдог. Тус улс Баруун Европоос ч том (2,72 сая км.кв байхад Баруун Европынх 1,75 сая км.кв) талбайтай, 19 сая гаруй хүн амтай.
Казахстан улс байгалийн баялгийн асар их нөөцтэй орон. Түүний хөрс өнгөт болон хар металл, газрын ховор элемент, чулуун болон хүрэн нүүрс, фосфорит, бокситоор баялаг. Казахстан улс дэлхийд вольфрам, хром, хар тугалга, цайр, марганец, зэс, төмрөөр тэргүүлэх байр суурь эзэлдэг.
Казахстаны нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 9100 доллар байсныг Дэлхийн банкнаас тооцоолжээ.
Казахстан улс нефтийн томоохон нөөцийнхөө ачаар Нефть экспортлогч орнуудын “ОПЕК+” байгууллагад ордог. Тус улс түүхий нефтийн нөөцөөрөө дэлхийд 12-р байр эзэлдэг байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид дэлхийд хэмжээгээрээ 5-д ордог Кашаганы нефть хийн ордоос 2025 он гэхэд 450 мянган баррель нефть өдөрт олборлож, 2040 он гэхэд 995 мянган баррель болгон нэмэх боломжтой гэж тооцоолжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улс 1,7 сая орчим баррель нефть өдөр олборлож байсан нь дэлхийн өдөр тутмын хэрэглээний 2%-тай тэнцэнэ гэж The Wall Street Journal бичиж байв.
Казахстан дахь АНУ, Хятадын ашиг сонирхол
Казахстаны төр засаг ОХУ-ын нөлөөтэй тэмцэхийн тулд нефть АНУ-ын эрчим хүчний концернуудыг нефть олборлолтын хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрөх ёстой гэж Америкийн The New York Times сонины тоймч Дэн Билефски үзэж байна.
Америкийн эрчим хүчний томоохон корпорациуд болох Exxon Mobil, Chevron зэрэг нь тус улсын баруун хэсэгт орших үйлдвэрүүдэд хэдэн арван тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан билээ. Жишээ дурдахад, Chevron л гэхэд Казахстаны Атырау мужид орших, 37 тэрбум ам.долларын өртөгтэй Тенгиз нефтийн ордыг удирддаг үйлдвэрийн 50%-ийг эзэмшдэг. Энэ орд нь талбайн хувьд Парис хотоос 4 дахин том.
Хувьсгал эзэлсний дараа Америкийн компаниуд уг объектоос олборлолтынхоо хэсгийг багасгасныг Билефски өгүүлжээ.
Гэхдээ Казахстанд бусад улс орнуудын бизнесийн ашиг сонирхол ураны үйлдвэрлэлийн салбарт ч илэрдэг. Учир нь тус улсад дэлхийн цацраг идэвхт материалын 40 гаруй хувь нь төвлөрчээ. Bloomberg агентлаг Америкийн цөмийн түлшний зах зээлийн судалгааны томоохон компаниудын нэг болох UxC LLC-ийн мэдээллээс эш татан бичсэнээр, эсэргүүцлээс болоод ураны үнэ нэгдүгээр сарын 5-нд 8%-иар өсөж, фунт нь 42 ам.доллараар 45,25 ам.доллар болон нэмэгджээ.
“Казах, Оросын хамтарсан компаниуд ураны олборлолтоо хуваадаг. Казахстаны нефть, хийг америкчууд, хятадууд илүү идэвхтэй олборлодог. Гуравдугаарт байрт Оросын “Лукойл” орно” хэмээн Украины ирээдүйн хүрээлэнгийн олон улсын шинжээч Илья Куса мэдэгджээ. Токаев засаглалаас Назарбаевын хүрээллийг цэвэрлэж эхэлсэн учир хувьсгалын үр дүнд Казахстаны нефть хийн зах зээлд өөрчлөлт гарна гэж шинжээч үзэж байна.
“Назарбаевын хамаатнууд, үр хүүхдүүд, найз нөхдийн мэдэлд байсан нефть хийн томоохон бизнесийг тараах ажил эхэллээ. Томоохон компаниудын төлөөх тэмцэл болно. Гэхдээ үүнээс оросууд, америкууд, хятадууд хоцрох нь юу л бол доо” хэмээн Куса дүгнэжээ.
Казахстан Хятадад хэдий хэмжээний өртэй вэ?
Хятад улс бол Казахстаны нефтийн олборлолтыг 20-иод хувийг хяналтандаа байлгадаг томоохон тоглогч гэж Евгений Примаковын нэрэмжит дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны үндэсний судалгааны хүрээлэнгийн Зөвлөлтийн дараах судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Станислав Притчин үзэж байна. Хятадын гол хөрөнгө нь нэгдүгээр сарын 2-нд иргэд шингэрүүлсэн хийн үнийг бууруулахыг шаардан гудамжинд жагссан Мангистау мужид байрладаг. Хятад улс Казахстанаас нөөцийн тодорхой олборлолтыг хангаж чадахуйц хуучны олборлолтын хөрөнгийг худалдан авдаг болохыг Притчин тэмдэглэжээ.
Хятад улс Каспийн тэнгисээс Казахстан-Хятадын хил хүртэл хий дамжуулах хоолой барьсан байна. Түүнчлэн Узбекистан, Казахстанаар дайруулан Туркменистан, Хятадыг холбосон хийн хоолой байдаг аж. Үүнээс гадна Хятад улс тээврийн салбарт нь оролцож, Казахстаны ложистикийн болон транзит боломжийг идэвхтэй ашигладаг.
“Энэ хоёр улсын харилцаанд гарсан нэг хүндрэлтэй асуудал нь Казахстаны авсан зээл. 2008-2014 оны хямралын үед Казахстан Хятадаас их хэмжээний зээл авсан. Гэхдээ Казахстаны өр зээлийн тухай мэдээлэл хаалттай байдаг” хэмээн Притчин тайлбарлажээ.
Казахстан ба “түрэгүүдийн ертөнц”-ийн санаа
Турк улс “түрэг төвтэй Туран”, түрэг улсуудын холбоо байгуулах асуудалд Казахстанд эртнээс нөлөөлж байгааг Ойрх Дорнод судлалын төвийн захирал Игорь Семиволос мэдэгджээ.
Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Түрэг угсаатан орнуудын байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар оролцсон Казахстаны нөхцөл байдлын асуудлаарх ээлжит бус хуралдаан дээр ах дүү Казахстанаа дэмжинэ гэж мэдэгдэж байв.
“Түрэг хэлтэн орнууд асуудлыг шийдвэрлэхдээ нэгдмэл байх ёстой. Түрэгүүдийн ертөнц бол их гэр бүл. Манай улс орнууд нэгэн цуллаг бүхний нэг хэсэг. Түүнчлэн нэг эрхтэн гэмтэхэд бүтэн биеэрээ өвддөг. Казахстанд болсон үйл явдал ч мөн Туркэд асар их гуниг төрүүлж байна” хэмээн Туркийн сайд хэлсэн аж.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ч мөн Касым-Жомарт Токаевтай ярилцахдаа “Анкара Казахстаны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, Казахстантай эв санаа нэгтэй байна” гэдгээ цохон тэмдэглэжээ.
Игорь Семиволосын хэлж буйгаар бол Турк улс Казахстанд Орос, Хятадын зүгээр ирэх дарамт шахалтыг тэнцвэржүүлэхийг оролцож байгаа ч нөөцийн хуваарилалтад онцгой үүрэгтэйгээр өрсөлддөггүй гэжээ.
“Цаашид Казахстаны хүчирхэг элитүүд болон овгийнхон хоорондын хөрөнгийн дахин хуваарилалтыг хүлээх ёстой. Энэ тохиолдолд Оросын бизнес хүчирхэгжинэ харж байна” гэжээ.
Турк улс Казахстаны хувьсгалт үйл явдлын үеэр дээд зэргээр идэвхгүй оролцсон гэдгийг Притчин үзэж байна.
“Түрэг угсаатан орнуудын холбоо байгуулах, ах дүүсийн тухай яриа зэрэг нь зүгээр л нэр төдий зүйл. Казахстанд турк их дээд сургуульд цаашид хүүхдүүдийг сургахаар бэлтгэдэг боловсролын салбар байдаг. Мөн турк бизнес ч бий. Яриа хөөрөө олон ч бодит байдал дээр Турк улс Төв Азид харагдаж байгаа шигээ хүчтэй тоглогч биш” хэмээн эрдэм шинжилгээний ажилтан онцолжээ.
Цэргийн болон сансрын хүчин чадал: Байконур ба Оросын батлах хамгаалах аж үйлдвэр
Хувьсгал, түүний дараа Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын цэргүүд орж ирсэн нь цэргийн салбарт дорвитой өөрчлөлт авчрахгүй. Казахстан нь цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүнийг голчлон Оросоос авдаг бөгөөд зэвсэг, цэргийн хэрэгслийн 80 орчим хувийг эндээс импортолдог. Үлдсэн хэсэг нь Хятадад хамааралтай.
Казахстаны батлан хамгаалах төсөв 2020-2022 онд 2,55 тэрбум ам.доллар байв.
“Казахстан улс Хятад, Оросын зах зээлээс зэвсэглэлээ худалдан авдаг. Үүнд юу ч өөрчлөгдөхгүй. Казахстаны төр засаг АНУ, Турк руу хандахыг оролдож байсан. Хятадууд өндөр технологи, жишээлбэл Firewall (хууль бусаар нэвтрэхээс хамгаалдаг) технологи, интернэт хаадаг программ зэргээр Казахстантай хамтран ажилладаг” хэмээн Илья Куса ярьжээ.
Батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүний худалдаанаас гадна Орос, Казахстан улс Байконур сансрын буудлыг хамтран эзэмшдэг. ОХУ жил бүр сансрын буудлын түрээсэнд 115 сая ам.доллар төлдөг байна.
Казахстаны Байконур хотод ийм нэртэй сансрын буудал байдгийг Орос 2050 он хүртэл түрээсэлдгийг тэмдэглэх нь чухал. Энэ буудал нь пуужин хөөргөх есөн төрлийн 15 пуужин хөөргөх цогцолбор, тив алгасагч баллистик пуужин турших 4 харвах төхөөрөмж, угсрах, турших 11 барилга (МИК) болон бусад дэд бүтцээс бүрдэнэ.
Эсэргүүцлийн давлагаанаас болоод Байконурт нэгдүгээр сарын 19-нийг хүртэл өндөржүүлсэн буюу терроризмын аюулын “цэнхэр” түвшин тогтоож, хөл хорио тогтоосон юм. Уг нь “Роскосмос”-ын тэргүүн Дмитрий Рогозин Байконурт нөхцөл байдал тайван гэж илтгэж байжээ.
Гэсэн хэдий ч Орос энэ онд тус хотыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зориулж 62 сая рублийн санхүүжилт нэмэхээр төлөвлөж байгаа юм.