Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн зориулалттай орон сууцны газрын зохицуулалт, өмчлөлийн асуудлыг тусгаж байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан. Тус хуулийн өөрчлөлтөөр Сууц өмчлөгчдийн холбооны эрх, хүрээг мөн зохицуулж байгаа аж.
“СӨХ бол орон сууц өмчлөгчийн өмнөөс газрын эзэмшигч биш. Барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах буюу ашиглалттай холбоотой асуудлыг хариуцдаг этгээд. Иргэний хуулиар бол хуулийн этгээдийн эрх үүрэг эдэлдэггүй. Иргэнийг төлөөлж бие даан гэрээ хэлцэл хийхгүй, хэрэг хариуцах чадваргүй.
2015 онд СӨХ-дод шалгалт хийж, дүгнэлт гаргасантай танилцахад олон зөрчил гарсан байдаг. Үүнээс газартай холбоотой нийтлэг зөрчил нь орон сууцны орчны газарт ААН, байгууллага дураараа барилга барьдаг. Үүнд нь СӨХ-ны дарга оролцсон байдаг. СӨХ-ны дарга нь өөр зориулалтаар газрыг ашиглаж, зарим нь дэлгүүр хүртэл барьсан байсан. Тиймээс энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай” хэмээн Б.Энхбаяр гишүүн тайлбарлав.