Хөгжлийн банкийг 2011 онд байгуулсан. Тус банк том үнийн дүнтэй, цөөн зээлийг санхүүжүүлсэн. Нийт 74 зээл олгосноос 53 хувь нь чанаргүй зээл болжээ. Монголбанкнаас тус банканд хийсэн шалгалтын дараа дээрх дүгнэлтэд хүрсэн байна.
“Энэ нь Хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд буруу ажилласныг харууллаа. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлүүдээ цэгцлэх шаардлагатай. Шүүхэд хэд хэдэн хэргийг шилжүүлсэн ч хугацаа их шаарддаг” гэж тус банкны захирал Н.Мандуул хэлэв.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн баасан гарагт Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийн нэг болох “Кью Эс Си” ХХК-тай холбоотой шийдвэрийг Дээд шүүхээс гаргасан.
Тус компанийн үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192.5 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулах шийдвэр гарсан юм.
Хөгжлийн банкийг цаашид Экзим банкны зарчмаар ажиллуулах Засгийн газрын шийдвэр өнгөрсөн онд гарсан. Ингэснээр тус банк арилжааны банкуудтай өрсөлдөхгүй. Экспортыг өсгөхийн тулд бусад банктай хамтран хамтын санхүүжилт олгох юм. Мөн мах, ноос, ноолуур гэх мэт экспортын бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шугамын чухам хаана нь гацаа үүсэж байгааг илрүүлэхэд анхаарч ажиллана гэв. Жишээ нь махны экспортыг нэмэхэд вакцинжуулалт, лаборатори, тээвэрлэлт гацаа үүсгэж байвал эдгээрийг шийдвэрлэх төслийг санхүүжүүлнэ. Барилгын салбарын тухайд арматур, цонх, шилээ импортолдог тул эдгээрийг дотоодод үйлдвэрлэх төслүүдийг дэмжих бодлого баримтална гэв.