Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2022.01.18/-ийн хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн тухай хуулийн хэрэгжилт болон тус телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонслоо.
Хуралдааны үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “МҮОНРТ бодлого ярихын оронд албан тушаалын томилгоо ярьдаг болсон. Үндэсний зөвлөлийн дарга нь Үндэсний зөвлөлтэйгөө шүүхдээд явж байна. Үүнээсээ ичээч та нар.
Юм ярихаараа нэг хүнийг хална, томилно гэдэг л зүйл ярьдаг. Бодлого ярьж, асуудлыг нь шийд гэж томилсон шүү дээ. Өнөөдөр ажлаа хийж чадахгүй, төсвөө баталж чадахгүй энд ирээд сууж байгаадаа яг үнэндээ ичих хэрэгтэй.
ТББХ-нд жил бүхэн Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөл тайлангаа тавьдаг. Ажлаа дүгнүүлдэг. Гэтэл танай байгууллага тайлан тавих байтугай хуралдаа ирэхгүй байна.
Гүйцэтгэх удирдлага дээр асуудал байна. Долоо хоног бүр гомдол ирдэг. Ажлаас хууль бусаар халлаа, шахлаа, дарамталлаа гэдэг. Гүйцэтгэх удирдлагынхаа дотоод асуудлыг шийддэг газар нь гүйцэтгэх зөвлөл шүү дээ. Тиймээс ажлын хэсэг байгуулж шалгана. Дүгнэлт гаргаж, тайлан гарсны дараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн асуудлыг авч үзнэ” гэв.