Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой хоёрдугаар сарын 24-нд тохиох юм. Үүнтэй холбоотойгоор ойн хүрээнд бүтэн жилийн хугацаанд төлөвлөсөн ажлуудынхаа талаар ГХЯ болон Японы Элчин сайдын яамнаас мэдээлэл өглөө.
-Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин:
-Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойг жилийн турш ёслол төгөлдөр, өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөж байна. Монгол, японы ард түмний найрамдлыг бататгаж, харилцааг бэхжүүлэх чиглэлд олон арга хэмжээг зохион байгуулна.
Тухайлбал,
- 50 жилийн ойн хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх,
- Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах
- Хүндэтгэлийн хүлээн авалт хийх
- Хоёр талаас хүүхэд, залуучуудын солилцоог хэрэгжүүлэх
- Гэрэл зургийн үзэсгэлэн гаргах
- Баримтат кино бүтээх
- Монгол, Японы харилцааны ном, марк хэвлүүлэх
- Хувийн хэвшлийг холбоход чиглэсэн бизнес форум, хоёр орны соёлыг харилцан сурталчлах арга хэмжээг зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна.
ТАЛАРХЛЫН ҮГСИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ӨӨРИЙН БИЕЭР СОНСОХ НЬ МОНГОЛД АЖИЛЛАЖ БУЙ ДИПЛОМАТ ХҮНИЙ ХУВЬД МАШ ТОМ БАХАРХАЛ ЮМ
-Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки:
-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш Япон Улс бага, дунд боловсролын барилга, байгууламжийг сайжруулах, цогцолбор барих төсөл, Нарны гүүр, Монгол-Японы эмнэлэг, Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын төсөл зэрэг Монголын тогтвортой хөгжлийн салшгүй хэсэг болсон нийгэм, эдийн засгийн салбарт тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэн.
Монголд цар тахлын эсрэг авах арга хэмжээг дэмжих зорилгоор Япон Улс эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, вакцинаас гадна 25 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.
Японы засгийн газрын тэтгэлэг, хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр, 1000 инженер хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Япон Улсын Элчин сайдын яам улс үндэстэн, хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд хөдөө орон нутгийн боловсрол, эрүүл мэндийн салбарт нийт 516 төслийг хэрэгжүүлээд байна. Мөн Монголд цар тахлын эсрэг авах арга хэмжээг дэмжих зорилгоор Япон Улс эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл, вакцинаас гадна 25 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгохоор болсон.
Япончуудын өнөөг хүртэл үзүүлсэн тусламжид талархсан үгсийг монголын ард түмнээс өөрийн биеэр сонсох нь Монголд ажиллаж буй дипломат хүний хувьд маш том бахархал юм.
Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 50 жилд засгийн газар хоорондын харилцаагаар тогтохгүй, ард иргэд хоорондын харилцан итгэлцэл, найрамдалт харилцааны үндэс бэхжин хөгжиж ирснийг дурдах нь зүйтэй байх. Энэ харилцаа цаашид ч хөгжих болно.
Засгийн газрын есдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгох, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахлан ажиллаж буй юм.