Авлига нь АНУ-ын Засгийн газрын Гадаадын хахуультай тэмцэх хууль (FCPA)-ийн үйлчлэх хүрээнд л биш бол зарим талаараа тоохгүй байдаг, эсхүл хайхрамжгүй хандаж болдог чухал бус асуудал байхаа больсон. АНУ-ын Ерөнхийлөгчийн өнгөрсөн зун гаргасан Үндэсний аюулгүй байдлын санамж бичиг болон саяхан баталсан АНУ-ын Авлигатай тэмцэх стратеги зэрэг нь Засгийн газрын болон бусад авлигатай тэмцэх үйл ажиллагааг анхаарлын төвд авчирав.
Энэхүү санамж бичиг нь авлигыг үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх асуудлуудын нэг гэж тодорхойлжээ. Үүнд: “Авлига нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн шударга байдал, дэлхийн ядууралтай хийх үйл ажиллагаа, хөгжилд хүрэх хүчин чармайлт болон ардчиллыг аюулд оруулж байна. Тэгэхдээ АНУ болон бусад ардчилсан улсууд авлигаас үр ашигтай урьдчилан сэргийлэх, авлигатай үр дүнтэй тэмцэх, ил тод, хариуцлагатай засаглалыг хангах нь шийдвэрлэх давуу тал болох юм.”
Цаашид хэрэгжүүлэх авлигатай тэмцэх цогц стратегид Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж (Стратегийн зорилтууд– СЗ), хэрэгжүүлэх болон төлөвлөсөн үйл ажиллагааг (үйл ажиллагааны чиглэл) таван тулгуурт багтаасан. Үүнд: АНУ-ын Засгийн газрын хүчин чармайлт, хууль бус санхүүжилт, хариуцлагатай байдал, олон талт ажиллагаа, дипломат/гадаад тусламж зэрэг юм. Ерөнхий стратеги дотор давтагдах чиглэлүүд байгаа ч эдгээр нь одоо хэрэгжүүлж буй болон ирээдүйд хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагааны ач холбодлыг тодорхойлж өгөх юм.
Салбарын зорилтуудын онцлог
Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой Засгийн газраас ач холбогдол өгч хандаж байгааг илэрхийлэх үзүүлэлт нь авлигатай түүхэн холбоотой бизнесийн салбарууд болох үл хөдлөх хөрөнгө, урлагийн болон эртний үнэт эдлэл эдгээртэй холбоотой мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч нар болох “хаалга сахигчид” зэргийг онцолж авч үзэж буй юм.
Стратегийн зорилт 2.1 “Мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны эрх зүйн орчны цоорхойг шийдвэрлэх”, Стратегийн зорилт 3.1 “Хууль хэрэгжүүлэх ажлыг чангатгах” зэрэг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн үйл ажиллагаанд: эцсийн ашиг хүртэгчийг ил тод болгох, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой санхүүгийн гүйлгээ, ялангуяа бэлэн мөнгөтэй холбоотой дүрэм журмыг эргэн харах, хувь нийлүүлсэн хөрөнгийн санхүүжилтийн зарим хэлбэрийг тодорхой болгох, төрийн худалдан авалт буюу тендерт оролцогч гүйцэтгэгч компаниудийг түдгэлзүүлэх, хасах чиглэлүүдийг онцолсон байна. Арванхоёрдугаар сард Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ нь ашиг хүртэгч өмчлөгч болон үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр дүрэм, журмыг шинэчлэхийг мэдэгдээд байна.
Гадаадын хээл хахууль
Хээл хахуулийн хувь хүн, нийгэмд учруулдаг хохирлын асуудал нь стратегийн үндсэн зорилтуудын нэг юм. Стратегийн зорилтын хариуцлагыг нэмэгдүүлэх асуудалд хээл хахуулийн эсрэг үйл ажиллагааг онцгойлон авч үздэг. Хамгийн чухал нь хээл хахуулийн тэгшитгэлийн эрэлтийн тал дахь эрх зүйн бүтцийн цоорхойг хүлээн зөвшөөрөх цаг нь аль хэдийн болсон юм. Зарим стратегийн зорилтуудад Гадаадын хахуультай тэмцэх хууль (Стратегийн зорилт 3.2)-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Конгресстэй хамтран ажиллах, мөн хууль эрх зүйн механизм нь учир дутагдалтай бусад улс орнуудад хууль эрх зүйн (стратегийн зорилт 3.2 ба 3.3) шинэчлэлд дэмжлэгэ үзүүлэхээр тодорхойлсон.
Бизнесийн тэргүүлэх туршлага, стандартууд
Хувийн хэвшлийн шинэлэг авлигын эсрэг аргачлал болон практикаас стратегийн зорилтуудад болон хэрэгжүүлэх үйл ажиллагаанд харамгүй санаа авч тусгасныг эрсдэлийг удирдах мэргэжилтнүүд онцолжээ.
Нэг ёсондоо стратегийн ерөнхий баримт бичиг нь үндэсний аюулгүй байдлын шинэ тэргүүлэх чиглэлд эрсдэлийн үнэлгээний үүрэг гүйцэтгэж буй юм. Энэ нь Засгийн газрын байр сууринаас авлигын эрсдэлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн баримт юм.
Санамж бичигт онцолсон манлайлал, тууштай байдал, төлөвлөлт болон хэрэгжүүлэх үйл ажиллагааг стратегийг боловсруулсан байгууллага хоорондын ажлын хэсэг хангах юм. Бүх таван тулгуурт чиглэлээр гарсан ахиц дэвшлийг үзүүлэлтүүдээр гаргаж, стратегийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлыг Ерөнхийлөгчийн жилийн тайланд тусгахаар заажээ.
Энэхүү стратеги нь Засгийн газрын прагматик байх хүсэл эрмэлзлийг мөн нотолж буй юм. Зарим үйл ажиллагаанд мониторинг хийж (Жишээ нь, СЗ 5.1) олж авсан сургамжийг харгалзан гүйцэтгэлийн үр өгөөжийг үнэлэх юм.
Эдгээр удирдлагын системийн стандартуудын зармууд нь Женевт төвтэй Олон Улсын Стандартчиллын Байгууллагын (ISO) боловсруулан хэрэгжүүлдэг эрсдэлийг удирдах зарчмуудын бүрэлдэхүүн хэсгүүд ба үүн дотор хээл хахуулийн эсрэг ISO 37001 стандартад багтсан юм.
Стратегийн хүрээнд шалгагдсан эрсдэлийн удирдлагын зарчмуудыг ашиглахдаа Засгийн газар “дасан зохицох, түншлэх, суралцах” зорилтуудаа хэрэгжүүлэхэд бүтээлчээр хандаж байна.
Иргэний нийгмийн үүрэг
Стратегид хувийн хэвшлийн оролцоог онцолсонтой адил үндэстэн дамнасан авлигатай үр дүнтэй тэмцэхэд иргэний нийгмийн гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэсэн болно. Засгийн газрын хүчин чармайлт, хариуцлагатай байдал, дипломат бодлого/гадаадын тусламж гэсэн тулгуур багана тус бүрт иргэний нийгмийхэнтэй зөвшилцөх, зохицуулах олон үйл ажиллагаа багтаж буй юм.
Стратегид иргэний нийгмийхнийг дурдсан тоо, төлөвлөсөн оролцооны түвшин зэрэг нь авлигатай тэмцэхэд иргэний нийгмийхэн хэр чухал байгааг дуугуй хүлээн зөвшөөрч буй хэрэг юм.
БНХАУ
Стратегид шууд дурдаагүй боловч илт ойлгогдож буй асуудал нь БНХАУ юм. “Стратегийн авлига”-ыг онцлон “Засгийн газар авлигын гэмт хэргийг зэвсэг болгон өөрийн гадаад бодлогын зарчим хэмээн ашиглаж” байгаа нь АНУ нь БНХАУ-ын эсрэг албадлагын арга хэмжээ авахаар зэхэж буйг илт харуулж байна.
Стратегид дурдсан олон улсын ISO 37001 стандартыг стратегийг хэрэгжүүлэхэд ашиглаж болохоор тусгажээ. Гэтэл БНХАУ нь ISO 37001-ийг бий болгосон Олон улсын Стандартчиллын Байгууллагын идэвхтэй гишүүн бөгөөд тус стандартыг батлахыг дэмжиж санал өгсөн.
БНХАУ-ын хувьд өөрөө бий болоход нь дэмжиж санал өгсөн стандартыг АНУ хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахад эсэргүүцэх, эсхүл буруушаах илүү хүнд байх болно.
Нөгөө талаас тус стратегид эргэлзэгчид олон бий. Энэ нь “цаасан” стратеги уу? Эсхүл одоо хэрэгжүүлж буй эсхүл төлөвлөсөн үйл ажиллагааг “үзэмжтэй харагдахаар болгосон” асуудал уу? Хэрхэн стратегид тусгагдсан олон тооны үйл ажиллагааг үр дүнтэй чиглүүлэх, хамтын ажиллагааг хангах вэ? Гадаадын хахуультай тэмцэх хууль (FCPA)-д нэмэлт өөрчлөлт оруулахаар хуваагдсан байгаа Конгресс нэгдэж чадах уу зэрэг олон асуултууд байгаа юм.
Авлигын эсрэг дорвитой үр нөлөө үзүүлж, нүдэнд харагдахуйц үр дүнд хүрэхийн тулд Засгийн газраас хяналт тавих, тэргүүлэх чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх, харилцаа холбоо тогтоох шаардлагатай. Стратегийн зорилтот салбарууд, Засгийн газрын худалдан авалтад оролцогчид болон хилийн чанадад бизнес эрхлэгчид уг баримт бичгийн үзэл санааг хүлээн зөвшөөрч, хэрэгжилтийг сайтар дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Шуудангийн хаяг: Хятад, FCPA, ISO 37001, Үндэсний аюулгүй байдлын санамж бичиг, Авлигатай тэмцэх АНУ-ын стратеги