БОАЖЯ, ЦЕГ, ОБЕГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан нийслэлийн агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээллийг хүргэлээ.
Нийслэлийн агаарын чанар салхинаас хамаарч өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт бохирдол багатай байсан. Харин бямба, ням гарагт агаар бохирдолтой байсан бол өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар агаарын чанар дундаж хэмжээнд болон бага бохирдолтой байгааг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ.
Засгийн газрын хуралдаанаар /2022.01.12/ сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болгосон.
Үүний дагуу БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэрт болон нийслэлийн айл, өрхүүдэд гэнэтийн шалгалт хийжээ.
Энэ талаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Алтанзул “Нийслэлийн агаарын бохирдол нэмэгдэж буй шалтгаан нөхцөлийг судалсан, гал түлж буй процессыг үзлээ. Дүгнэлтүүд өчигдрөөс гарч байна. Эцсийн байдлаар мэдээлнэ. Зөвхөн шахмал түлш нөлөөлж байна гэж ойлгож болохгүй. Чанаргүй шатахуун, насжилт өндөртэй автомашинууд маш их утаа ялгаруулж, агаар бохирдуулж байгаа” гэв.