Covid-19-ийн омикрон хувилбарын тархалт дотоодод эрчимтэй тархаж байна. Өдөрт илрэх халдварын тоо өсөн, 2000-ыг даваад буй. Цаашид өдөрт 20 мянга хүртэлх тохиолдол батлагдах тооцоолол гарсан гэдгийг УОК мэдэгдсэн. Тиймээс эхний ээлжид дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байгаа. Мөн үүнээс гадна хэд хэдэн зохицуулалтыг хийжээ.
Тухайлбал, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан цөөнгүй аймаг Цагаан сарын баярыг өнжихөө мэдэгдээд байгаа. Тэгвэл ирэх Даваа гаригаас буюу 17-ноос төрийн алба хаагчдын 50 хувийг гэрээс нь цахимаар ажиллуулж, долоо хоногийн хугацаатай ээлжлүүлэхээр болсон байна.
Мөн 0-5 хүртэл насны хүүхэдтэй, төрийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг цагаан сарын баяр өнгөртөл гэрээс нь цахимаар ажиллуулах шийдвэр гарчээ.
Төрийн албан хаагчдыг насны байдлаар нь авч үзвэл 60-аас дээш насны 1638, 56-60 насны 8408, 51-55 насны 19513, 46-50 насны 24282, 41-45 насны 26949, 36-40 насны 29423, 31-35 насны 36043, 26-30 насны 33357, 21-25 насны 17143, 20 хүртэлх насны 1707 төрийн албан хаагч ажиллаж байна гэж Төрийн албан хаагчдын 2019 оны бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайланд дурдсан байна.
Ямартай ч халдварын тархалтыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зохицуулалт учир хувийн байгууллагууд ч дэмжихийг хүсч байгаа аж.
1 comment
Emch nart ni hamaagui l shiidver bhdaa te.