Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Станислав Зас энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор Казахстанд ирсэн ХАБГБ-ын гишүүн орнууд 1-р сарын 19 гэхэд тус улсын нутаг дэвсгэрээс цэргээ гаргана хэмээн мэдэгдлээ.
“Бүх анги, бие бүрэлдэхүүн, тэдний байрласан цэгүүдийг долоо хоногийн дотор татан буулгана. Хэрэв цаг агаарын өөрчлөлт нөлөөлөхгүй бол ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөвлөгөөний дагуу нэгдүгээр сарын 19-н гэхэд энхийг сахиулагчид бүгд хуучин анги нэгтгэлүүд рүүгээ буцсан байна” гэж Зас “Беларусь-1” телевизийн эфирээр бямба гаригт ярилцлага өгчээ. Түүний хэлснээр, ХАБГБ-ын цэргийг гаргах үүргийг Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн орнуудын төрийн тэргүүнүүд хамтран өгчээ.
Мөн ХАБГБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Казахстаны нутаг дэвсгэрээс ХАБГБ-ын цэргийг гаргана гэдэгт зарим этгээд эргэлзэж байгаа ч тус байгууллага зорилгоо биелүүлж, даалгавраа гүйцэтгэсэн тул цэргийнхэн тус улсыг орхиж эхэлсэн. Казахстаны байдал сайжирч, улс орон хэвийн амьдралдаа эргэн орж байна” хэмээжээ.