Номхон далайн усан доорх галт ууланд бямба гаригт том хэмжээний дэлбэрэлт болсон тул Япон, Австрали, АНУ, Шинэ Зеланд зэрэг Номхон далайн өмнөд бүсийн хэд хэдэн улс орны эрх баригчид иргэддээ хандан цунамигийн сэрэмжлүүлэг өгч эхэллээ. Мөн ойролцоох хэд хэдэн орны эрх баригчид далайн эргийн оршин суугчиддаа хандан цунамигийн аюул арилах хүртэл далайгаас хол байхыг уриалж эхэлжээ.
Оросын онцгой байдлын алба ч Курилын арлууд болон Японд цунами үүсч болзошгүйг дамжуулсан бөгөөд РИА Новости агентлаг давалгааны өндөр Курилын арлуудад 0.2 метрээс хэтрэхгүй хэмээн мэдэгджээ.
Тонга арлын оршин суугчдын ярьснаар галт уулын дэлбэрэлт, байгалийн гамшиг маш хүчтэй мэдрэгдсэн. Эргэн тойронд аянга цахилгаан үүсч, газар хэдэн минутын турш чичирч, ес бусын архирах мэт чимээ сонсогдсон байна.
Галт уулын дэлбэрэлтээс үүссэн далайн давалгаа бямба гаригаас ням гаригт шилжих шөнө Японыг дайрч эхэлсэн бөгөөд Хоккайдо болон Кочи, Вакаяма арлуудын баруун өмнөд хэсэгт 1.2 метр орчим өндөр давалгаа хүрчээ.
Японы хэвлэлүүд ням гаригийн өглөөний 06:00 цагийн байдлаар хүн ам суурьшсан газруудад томоохон хохирол амссан болон хүний амь эрсэдсэн тухай мэдээлээгүй байна. Гэхдээ далайн давалгаа гурван метр хүртэл өндөр байх магадлалтай гэж эрх баригчид таамаглаж байгаа аж.
АНУ-ын эрх баригчид далайн эргийн хотуудын оршин суугчдыг эрэг рүү ойртохгүй байхыг зөвлөж байна. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цунамигийн аюул АНУ-ын баруун эргийг бүхэлд нь хамарч байгаа тул далайн эрэг орчмын бүс нутгуудад хүчтэй үер болж магадгүйг сануулж эхэлжээ.