Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд хийсэн Хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн судалгааны дүнг танилцуулж байна.
14:00 цагт эхэлсэн үдээс хойших хуралдаанд хуульч, судлаач Г.Түвшинжаргал “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны тайланг, судлаач Б.Нямжав “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт болон хүүхдийн эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, ажил эрхлэлтийн нөхцөлийн жагсаалт”-ыг танилцуулна.
Хуульч, судлаач Г.Түвшинжаргал “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал” судалгааны тайланг танилцуулахдаа:
“Өрхийн үйлдвэрлэл, гэрийн ажилд цалин хөлсгүйгээр оролцдог хүүхдүүд их байна. Тухайлбал, 7-8, 9 ба түүнээс дээш цаг ажилладаг хүүхдүүд цөөхөн ч 3 хүртэлх цаг ажилладаг хүүхэд их байна. Хүүхдийг гэрийн ажил их хийлгэснээр сурах, хөгжих, нийгэмших боломж нь алдагдаж байна. Гэрийн ажил 7-оос дээш цаг ажилладаг, давхар ажил эрхэлдэг 15-аас дээш нас хэсэг бүлэг хүүхдүүд байна.” гэлээ.
Мөн өрхийн үйлдвэрлэлд хөлсгүй оролцдог хүүхдүүд байгааг хэллээ.
Тэрээр “Уламжлалт сэтгэлгээ талаасаа хүүхэд гэрийн ажил хийх ёстой гэсэн үзэл нь хүүхдийн эрхэд нөлөөлөөд байна уу гэсэн хардлага гарсан. Ялангуяа 15-17 насны хүүхдүүд гэрийн ажилд оролцохын хажуугаар давхар ажил эрхлэх нь их байна.” гэв.
Гэрийн ажил хийх цаг тогтоосон улс орнууд байгааг ч дурдлаа.
Хүүхэд гэрийн ажил хийх ажил хийх цагийн хязгаар:
5-11 насны хүүхэд: Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 1 цаг, гэр орны ажилд оролцох хугацаа 7 хоногт 21 цаг байх,
12-14 насны хүүхдэд: Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 14 цаг, цалин хөлсгүй гэр орны ажилд оролцох хугацаа 7 хоногт 21 цаг байх
15-17 насны хүүхдэд: Эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хугацаа 7 хоногт 43 цаг, цалин хөлсгүй гэр орны ажилд оролцох хугацааны хязгаар заахгүй байхаар тогтоосон байна.
УНААЧ ХҮҮХДҮҮД ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГТ ӨРТӨЖ БАЙНА
Унаач хүүхдүүдийн тухайд хөдөлмөрийн мөлжлөгийн шинж агуулагдаж байна гэж үзжээ. Унаач хүүхдийн асуудал уламжлал, нийгмийн шинэчлэл хоёрын дунд гацчихсан, аюултай хөдөлмөр мөн гэж үзэх эсэх нь эргэлзээтэй ч боолчлолын хэлбэр агуулсан байгааг тогтоожээ.
Тодруулбал, хурдан морь унахаас илүүтэй морины ажил гэх ажилд хүүхдүүд их оролцож байгааг онцоллоо.
Хуульч, судлаач Г.Түвшинжаргал “Морь алхуулж, гишгүүлж, үсэргээ сунгаа гээд бүхий л ажилд хүүхдүүд явж байна. Хүүхдүүд ихэвчлэн 3-4 дүгээр ангиасаа морь унаж байна. 7-8 дугаар ангид ороод моринд дуртай болсон хүүхдүүдийг хичээлийг нь таслуулж, гэрээс нь хол газар аваачаад морины ажлыг өдөр шөнөгүй хийлгэж байна.
Гэрээсээ хол байгаа хүүхдүүд өөрсдийгөө хамгаалж чаддаггүй, өөр айлд хэцүү амьдардаг. Туслах уяач нар шийтгэсэн, гэр лүүгээ зугтсан хүүхдийг зодсон, хамар луу нь тамхи хийж байгаад соруулсан, уяж хүлсэн тохиолдол гарсан байна. Уяач нарын хүүхдүүд, туслах уяач нар дээрэлхэж байна. Унаач хүүхдүүд жижигхэн биетэй учраас дээрэлхүүлдэг. Морины ажил хэцүү юм байна би хот руу явж өөр ажил хийнэ гэж ярих ч хүүхдүүд байсан” гэлээ.