АНУ-ын Бүгд найрамдах намын сенатор Тед Круз Конгрессын дээд танхимын уур амьсгалыг мэдэрч, ОХУ-ын “Хойд урсгал 2” хийн хоолойн төслийн эсрэг нэн даруй хориг арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч Жо Байденд уриалжээ.
Конгрессын дээд танхим уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд сенаторууд уг төслийг хангалттай биш ч гэсэн дэмжсэн байна. Тухайлбал, Крузын санаачилгад 60 санал шаардлагатай байсан ч 55 сенатор дэмжиж, 43 сенатор эсрэг санал өгчээ.
Пүрэв гаригт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Хойд урсгал 2” бол арилжааны төсөл бөгөөд үүнийг аюулгүй байдалтай холбох нь утгагүй зүйл. Энэ нь шударга бус өрсөлдөөний оролдлого гэдгийг дахин нотлон харууллаа хэмээн мэдэгджээ.
АНУ, Украины зүгээс идэвхтэй эсэргүүцэж буй “Хойд урсгал-2” нь арилжааны шинж чанартай, Европт ашигтайг ОХУ удаа дараа мэдэгдэж, энэ төслийг аливаа улстөржилтийн хүрээнд хавчуулахгүй байхыг удаа дараа уриалж ирсэн юм.
АНУ-ын Конгресс хуулийн төслийг баталвал төсөл батлагдсанаас хойш 15 хоногийн дотор “газрын хоолойг төлөвлөх, барих, ажиллуулахад чиглэгдсэн эсвэл хариуцаж буй байгууллагын аливаа албан тушаалтан болон тухайн байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авах эрх Ерөнхийлөгчид нээгдэх юм. Мөн төслийн оператор “Хойд урсгал-2” болон түүний гүйцэтгэх захирал Маттиас Варниг нарын АНУ-ын харьяалал дахь хөрөнгийг хаах, АНУ руу нэвтрэхийг хориглох зэрэг хоригууд багтсан байгаа аж.
Жилд 55 тэрбум шоо метр хий үйлдвэрлэх хүчин чадалтай хийн хоолойг Балтийн тэнгисээр дамжуулан Герман хүртэл сунгасан боловч Герман, Европын эрх баригчид хий ашиглах гэрээ баталгаажуулах ажлыг АНУ-ын шахалтаар зогсоогоод байгаа юм.
“Хойд урсгал 2” төсөл Украины асуудал хурцаар яригдаж байгаа үед Орост дарамт үзүүлэх хөшүүрэг болж өгч эхэлжээ.
АНУ-ын Конгрессийн гишүүд сенатор Крузын санаачилгыг эсэргүүцэх үндэслэлээ “Европт хямралтай байгаа үед Цагаан ордон ийм хориг тавих нь барууны холбоотнуудын эв нэгдлийг сулруулна” гэдэг талаас тайлбарлаж байгаа аж.