АНУ-ын Үндэсний харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн захирал Энтони Фаучи омикроны халдвараас бараг хэн ч зайлсхийж чадахгүй, харин вакцин хийлгэсэн хүмүүст илүү хөнгөн тусна гэж мэдэгджээ.
АНУ-ын ерөнхий халдвар судлаач “Омикрон” омог ойн түймрийн хурдаар тархаж байгааг анхааруулсан байна. Гэхдээ тус улсад ковидын вакцинд хүн амынх нь 48,1% хувь хамрагдсан болохоор өвчний хүндрэл арай бага гэж үзэж байна. Фаучи өвчний эрсдэлд 2, бүр 3 тунтай хүн ч өртөх эрсдэлтэй гэжээ. Гэхдээ өвчний хүндрэл, эмнэлэгт хэвтэх эрсдэл маш бага гэсэн байна. АНУ-д одоогийн байдлаар эмнэлгүүдийн 24% нь “Омикрон”-ы дэгдэлтээс болоод эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээгүй байдалд орсон байна. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд COVID-19-ийн шинэ омгийг АНУ-ын үндэсний эрүүл мэндийн системд заналхийлж эхэллээ гэжээ. Брауны их сургуулийн декан, доктор Ашиш Жа Америкийн эрүүл мэндийн системийг ийм олон тооны COVID-19-тэй өвчтөнүүдэд хүрч чадахгүй хэмээн уулга алдаж байна. Эдгээр эмнэлгүүд мухар олгойн үрэвсэлтэй хүүхдүүд, зүрхний шигдээстэй хүмүүс, автомашины осолд өртсөн хүмүүсийг л эмчлэхээр бүтээгдсэн гэжээ. Эмч мэргэжилтнүүд хүрэлцээгүй болсон нь зарим нь өвдсөн, зарим нь халдвараар сэжиглэгдэн хөл хорионд орсонтой холбоотой. Ойрын хэдэн өдөрт нөхцөл байдал улам дордоно гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.