АМГТГ-аас өнөөдөр /2022.01.12/ шатахуун импортлогчдын агуулахуудад хяналт шалгалт хийж байна. Иргэдийн зүгээс шатахууны чанар муу байгаа талаар мэдээлж, үүний дагуу тогтмол хугацаанд эл шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж буй.
Шалгалтын үеэр АМГТГ-ын хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн “Өмнө нь улиралд нэг удаа ийм шалгалт хийдэг байсан ч иргэдийн хүсэлтээр сар тутам болгож өөрчилсөн.
Өнөөдөр уг нь дээж авч, шинжлэх төлөвлөгөөтэй байсан. Гэвч ийм цастай үед дээж авбал өөрчлөлт орж, үр дүн буруу гарах магадлал байдаг. Иймд хойшлуулж, маргааш, нөгөөдрөөс авахаар боллоо. Харин өнөөдөр агуулахууд дахь шатахууны үлдэгдлийг шалгаж байна. Цаашид түүвэрлэсэн байдлаар шалгалт хийж явна” гэлээ.
Мөн энэ үеэр АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, гадаад эх үүсвэр хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Дагвасүрэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ер нь шатахууныг хольцтой, устай байна гэдэг худлаа асуудал шүү. Ус хүнд жинтэй тул дороо тунана, өвөл хөлдөнө. Иймд агуулахаас ШТС-ууд руу явахдаа шүүгдэж, хүнд металл, ус зэрэг найрлага байвал тунаад үлдчихнэ. Шахалтад ч мөн ямар нэг асуудал байх боломжгүй. ШТС-уудын тоолуур нь хийн тоолуур учраас дутуу шахах боломжгүй байдаг. Бидний хувьд чанаргүй шатахуун байна гэх дүгнэлт хэлэх боломжгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.