Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн сайд Л.Халтар болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Замын-Үүд боомтод очин, цар тахлын улмаас хил гааль дээр үүсээд байгаа ачаа бараа гаргах, татан авах, манай талаас хамаарах хүндрэл бэрхшээлийг бууруулах асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэхээр ажиллаж байна.
Замын-Үүд дэх төмөр зам болон авто замаар чингэлэг тээвэрлэх, шилжүүлэн ачих “Бүс нутгийн ложистик төв”, Гаалийн бүрдүүлэлтийн албаныхан ачаа тээврийн ажлын бэлтгэл бүрэн хангагдсаныг мэдээлжээ.
Дараа нь Замын-Үүд дэх тээвэр эрхлэгчид болон тээвэр эрхлэгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзав.
Шадар сайд “Та бүхэн 30 жил урд хөршөөс ачаа барааг тээвэрлэн Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын өнцөг булан бүрд хүргэж, иргэдийн хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас хил гаалиар орох ачаа бараа саатаж, улс орны хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнэ өсөхөд хүрч байна.
Хаалттай байсан хил гааль гурван сарын дараа нээгдэх гэж байгаа учраас төр засгийн зүгээс халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримтлан, бараа тээвэрлэлтийг таслалгүйгээр явуулах зорилгоор тодорхой ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэхээр бэлтгээд байна.
Улс эх орны эрх ашгийн үүднээс зохион байгуулагдаж байгаа эдгээр ажлуудыг хэрэгжүүлэхэд авто тээвэрлэгчид та бүхний үүрэг оролцоо нэн чухал” гэлээ.
Эх сурвалж: Шадар сайдын ажлын алба