Дэлхий нийтэд тархаад буй Омикрон /Ковид-19 халдвар/ хувилбарын нөхцөл байдалтай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр анги, байгууллагын дотоод хяналт шалгалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий албан тушаалтныг мэргэшүүлэх сургалтыг цахимаар зохион байгууллаа.
Сургалтад төв, орон нутгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги салбар нэгжийн дотоод хяналт шалгалт, хөрөнгө, орлогын мэдүүлэг хариуцсан эрх бүхий 53 албан тушаалтан оролцсон байна.
Мэргэшүүлэх сургалт нь Хяналт шалгалтын үйл ажиллагаа, Хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт болон эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд сургалтыг Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир нээж эхлүүллээ.
Улсын хэмжээнд 2021 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт явагдаж байгаатай холбогдуулан энэхүү сургалт нь цаг үеэ олсон арга хэмжээ бөгөөд сургалтад хамрагдсанаар анги, байгууллагын эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа хууль журмын хүрээнд явагдах, мөн тэдний мэдлэгийг баталгаажуулахад чухал ач холбогдолтой юм.