УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр эрүүдэн шүүлттэй холбоотой ноцтой мэдээлэл хийлээ.
Б.Энхбаяр гишүүн “Ял наймаалцдаг асуудал одоо ч байна. Ялангуяа Ганцхудагийн урьдчилсан хорих төвд байгаа”-г сануулж, хууль тогтоогчдын анхаарлыг татлаа. Түүний Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.
Б.Энхбаяр: За энэ ял наймаалцах асуудал бол байгаа гэж байна шүү. Эрүүдэн шүүдэг ялангуяа цагдан хорих байранд энэ дээр гол оролцож байгаа этгээдүүд мөрдөгч, гүйцэтгэх ажилтнууд байна.
Нэг камергүй булан байдаг юм байна. Манай энэ 461 тэнд, аваачиж байгаад эрүүгийн рецидив гэмт хэрэгтнүүдээр зодуулдаг юм байна. Тэгээд тэд нараар дамжуулж “чи энэ хэргийг хүлээчих” гэж эрүүдэн шүүдэг ийм асуудал яригдаж байна, сонсогдож байна.
Энэ дээр ямар арга хэмжээ, эрс таслан зогсоох чиглэл дээр юу бодож байна. Бид нар бол хууль яриад л байгаа. Эрүүдэн шүүхээ байхгүй болгох гэж байна гээд УИХ, энэ цагдан хорьж мөрддөг гэмт хэргийнхээ тоог эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиас хязгаарламаар юм байна.
Энэ хулгай, мулгай бүх төрлийн хэрэг дээр цагдан хорихоор өргөтгөчихсөн. Үүний далимдуулж маш их хэрэг хүлээлгэдэг юм байна.
Түүний асуултад ШШГЕГ-ын 461 дүгээр урьдчилсан хорих төвийн албан хаагч ийн хариулав.
ШШГЕГ-ын 461 дүгээр урьдчилсан хорих төвийн төлөөлөгч: 461-р ангид эрүүдэн шүүдэг асуудал алга, байхгүй. 461-р анги бол өөрөө ХЭҮК, прокурорын хяналтад байдаг. Мөн дээрээс нь камерийн хяналтад байдаг. Энэ зүйл бол тийм зүйл байхгүй гэдгийг хэлье.
Б.Энхбаяр: Сая энэ өнгөрсөн долоо хоногт СХД-ын гурван мөрдөгч нэг этгээдэд хийгээгүй 15 хэргийг хийсэн болгон эрүүдэн шүүж байгаад ял авлаа.
Энэ намайг оюутан байхад л энэ хэрэг наймаалцдаг, ял наймаалцдаг Ганц худаг гэж яригддаг байсан. 20 жил энэ асуудал хэвээрээ байна. Бид нар чинь наанаа бол энэ эрүүдэн шүүлт байхгүй болж байгаа тэмцэж байгаа гээд байдаг. Болсон явдал нь, 2019 оны намар энэ үйл явдал болсон байна, саяхан.