Манай улс коронавирусийн Омикрон хувилбарыг илрүүлэх шинжилгээг хэрхэн хийж байгаа тухай ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн тасгийн дарга н.Бумдэлгэр “SarsCov2 вирус дэлхий даяар тархаж цар тахлын хэмжээнд хүрснээс хойш хоёр жил гаруй болж байна. Манай эмнэлгийн вирус судлалын лаборатори улсын хэмжээнд халдварт өвчний вирусийг илрүүлэх чиглэлээр лавлагаа шатны үйлчилгээг үзүүлдэг.
Монгол Улсын хувьд 11 дүгээр сарын сүүлээр коронавирусийн хувилбарт тандалтыг хийж эхэлсэн. Хувилбарын тандалтыг PCR шинжилгээгээр болон NGS технологиор хийдэг. 12 дугаар сарын эхээс NGS технологийг манай улсад нэвтрүүлээд байна. ХӨСҮТ-ийн лабораториос гурван мэргэжилтэн Япон улсад очиж мэргэшээд ирсэн. Омикрон хувилбар манай улсад бүртгэгдэхтэй зэрэгцээд энэ шинэ технологийг анх удаа нэвтрүүлж чадлаа.
NGS технологи гэдэг нь вирусийн бүрэн геномын дарааллыг тодорхойлдог. Бүрэн геномын дарааллыг үзэхээр тухайн вирусийн генийн түвшинд гарсан бүх мутацыг илрүүлэх чадвартай” гэсэн мэдээллийг өглөө.