Коронавирусийн омикрон хувилбарын шинж тэмдэг улирлын томуугийнхтай ижил хэлбэрээр илэрч байгааг ЭМЯ-наас иргэдэд анхааруулж байна. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэлээс тодрууллаа.
-Улирлын томуу болон омикрон хувилбарын шинж тэмдэг хэрхэн илэрч байна вэ?
-Манай улсын хувьд нэгдүгээр сар бол томуугийн дэгдэлтийн үе байдаг учир өвчнийхөө онцлогийн дагуу дэгдэлт явагдаж байна. Гэтэл 2022 оны нэгдүгээр сард ковид-19-ийн халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт эрчимтэй нэмэгдэж, энэ хоёр халдварт өвчний дэгдэлт нэгэн зэрэг явагдаж байгаагаас орны зохицуулалт хийхэд маш их хүндрэл үүсгэж байна. Омикрон хувилбарын шинж тэмдэг томуугийнхтой төстэй, уушгины хатгалгаа хэлбэрээр хүндрэх магадлалтай учир орны ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна.
-ЭМЯ-наас орны зохицуулалтыг хэрхэн хийж байна вэ?
-Томуугийн орны менежментийг төлөвлөлтийн дагуу хийж, насанд хүрэгч болон хүүхдүүдийг авч байна. Хүүхдийн орны тоог илүү олноор төлөвлөдөг. Өнөөдрийн байдлаар орны нөөц бий. Дээр нь ковид-19 халдварын шинэ дэгдэлтийн үед хэвтүүлэх орны тоог нэмж байна. Жишээлбэл, Шинэ дэгдэлтийн үед өнөөдөр 3000 орчим ор дэлгээд байна. Мөн орны тоог шат дараатай нэмэхээр төлөвлөн ажиллаж байна. Ковид-19-ийн шинэ хувилбар, томуугийн шинж тэмдэг ижил хэлбэрээр илэрч байгаа нь хүндрэл үүсгэж болзошгүй. Омикрон хувилбарын халдвар авсан үед:
- Халуурах
- Ханилгах
- Хоолой хөндүүрлэх
- Цээжээр өвдөх гэх мэт томуугийн халдварын үеийн үндсэн шинж тэмдэгтэй яг ижил хэлбэрээр илэрч байгаа учир аль нь томуу, ковид-19 вэ гэдгийг ялгахад түвэгтэй байдал үүсэх нь.
Томуугийн үед хэд хоног халуурах, цээжээр өвдөх, хий ханиалгах зэрэг шинж илэрч, энэ зовуурийг чанартай хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих, гэртээ сайн амрах, ажил амралтын дэглэмээ зохицуулах замаар өвчнөө давдаг шүү дээ. Омикроны хувилбарын халдварыг мөн ийм зарчмаар л давна. Мөн омикроны давлагааны дунд үедээ яваа улс орнуудад хийсэн судалгаанаас харахад энэ халдварын үед хүндрэх магадлал харьцангуй бага байна гэсэн эерэг мэдээ гарч байна. Гэхдээ халдвар олныг хамарвал эмнэлгүүдэд орны ачаалал үүснэ. Тохиолдлын тоо олон байх тусам хүнд болон хүндрэх магадлалтай хүний тоо олон болно гэсэн прогноз бий.
Омикрон вирусийн халдвар авсан үед ихэвчлэн халуурах шинж тэмдэг илэрч байгаа учир халуун бууруулах эм ууж болно.
-Омикрон вирусийн халдвар авсан бол ямар арга хэмжээ авах вэ?
-Омикрон вирусийн халдвар авсан үед ихэвчлэн халуурах шинж тэмдэг илэрч байгаа учир халуун бууруулах эм ууж болно. Мөн өрхийн эмчээсээ зөвлөгөө аваад ажил, амралтаа зохицуулж, дархлаагаа дэмжвэл хөнгөн туссан бол омикрон хувилбарын халдвар 5-10 хоногт бүрэн эдгэрч байна. Харин уушгины хатгалгаа, ларенгит хэлбэрээр хүндэрсэн нөхцөлд эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхээс өөр аргагүй. Омикрон болон ковидын халдварыг толгой дараалан эмнэлэгт эмчлэхгүй. 2-3 хоног халуун буурахгүй, даамжрах шинж тэмдэг илэрвэл төлөвлөсөн ковидын амбулаторид хандан цээжний рентген зураг авахуулж, лавлагаа тусламжийн эмч нарт үзүүлэх боломжтой.
-Эмнэлгийн нөхцөлд томуу, омикроныг хэрхэн ялгаж байна вэ?
-Түргэвчилсэн тестээр шинжилгээ аваад, шаардлагатай бол PCR шинжилгээ хийнэ.
-Өрхийн эмнэлгүүдэд түргэвчилгээ шинжилгээ авах оношлуурын нөөц байгаа юу?
-Өрхийн эмнэлгүүд болон шинжилгээний цэгүүдэд түргэвчилсэн тест тавьж байгаа. Шинэ хувилбар тархах эрсдэл байсан учир оны өмнө шинжилгээний тест болон шаардлагатай эм ямар хэмжээгээр хаана байгааг тооцож, төлөвлөлт хийж эхэлсэн. Энэ бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. Аль нэг улс оронд үйлдвэрлэсэн тестийг бид худалдан авч хэрэглэж байгаа. Халдвар нэмэгдэж, шинжилгээ хийлгэх хэрэгцээ ихсэж байгаа учир тестийн дутагдал үүсэж болно.
Тиймээс гадны улс орнууд ямар тактик барьж байгааг сонирхуулъя. Жишээ нь, Таван хүнтэй гэр бүлийн нэг гишүүнд томуугийн шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандвал шаардлагатай бол шинжилгээ өгч болно. Омикрон хувилбарын халдварлуулах чадвар маш хурдан, нууц үе богино, хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа энэ үед улс орнууд гэр бүлээс нэг гишүүнд ковидын тест тавихад эерэг гарсан бол гэр бүлийн бусад гишүүдэд шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзэж байгаа.
-Ямар хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлж байна вэ. Эмнэлэгт хэвтүүлэхэд ямар зарчим баримталж байгаа вэ?
-Өрхийн эмч өвчтөнийг үзээд эмнэлгийн нөхцөлд эмчлүүлэх шаардлагатай гэж үзвэл нийслэлийн дүүрэг бүрд ажиллаж буй Хариу арга хэмжээ авах багт хандана. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн дугаар хорооны иргэнд ковидын шинж тэмдэг 10 хоног үргэлжилбэл, мөн эрүүл мэндийн бусад үзүүлэлтийг нь харгалзан хэвтүүлэн эмчлэх шаардлагатай гэсэн мэдээллээ Дүүргийн хариу арга хэмжээ авах багт мэдэгдэнэ. Хариу арга хэмжээний баг Тандалтын багийг явуулж өвчтөнийг үзэж, үнэлгээ хийгээд, Ор зохицуулах баг руу мэдээллийг явуулна. Ор зохицуулах багийнхан өдөрт 1-2 удаа ковидтой өвчтөн авч байгаа эмнэлгүүдийн орны мэдээллийг авч, тухайн өвчтөний биеийн байдалд хийсэн үнэлгээний дагуу хаана хэвтүүлэн эмчлэхийг шийдвэрлэж байгаа гэлээ.
Эх сурвалж: