Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн баталлаа.
Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болно. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон аав ээжид нь тулгардаг хүндрэл, явдал чирэгдэл багасна.
Энэ өөрчлөлтөөр байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарах 20 төрлийн өвчин, гэмтлийн оношийг “хугацаагүй” байхаар баталсан. Түүнчлэн тухайн хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай гэдгийг 16 нас хүртэл хугацаагүйгээр тогтоох нийт 29 өвчин, гэмтлийн заалтыг мөн тусгасан.
Жагсаалт шинэчлэгдэн батлагдсанаар шинээр нэмэгдэж орсон нийт 58 оношийн хүрээнд 1300 гаруй хүүхэд, мөн тооны эцэг, эхчүүд байнгын асаргааны тэтгэмжид хамрагдана.
Нийгмийн халамжийн сангаас 2022 онд уг үйлчилгээнд 13 мянга гаруй хүүхдийг хамруулж 31.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгасан хэмээн ХНХЯ-наас мэдээллээ.